О.Дөлгөөний ээж Нямсүрэн: Хүүг минь найдваргүй боллоо гэж сүүлчийн удаа уулзуулж байсан ч зүрх нь одоо ч амьдрахын төлөө тэмцэж байна

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. О.Дөлгөөн 2019 оны Оюутны лигийн аварга болсон тул NBA-н финалын тоглолт үзэх эрхээр шагнуулан өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр АНУ-д очсон байхдаа салхин цэцэг өвчин тусч түүний өвчин сэдэрсэн гэдэг. Түүний биеийн байдлын талаар түүний ээж н.Нямсүрэн Mongolia for Dulguun хуудсанд өчигдөр /2019.07.22/ 22.01 цагт албан ёсны мэдээлэл байршуулжээ.

Тэрээр “Сайн байцгаана уу. Намайг Нямсүрэн гэдэг. Би Дөлгөөний ээж нь байна. Би одоо АНУ-ын Сан-Франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна. Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна. Эмч нар миний хүүгийн биeийн байдлыг маш хүнд гэж байгаа, сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн нь. гэсэн. Ухаан ороогүй байгаа мөн салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөрний, уушигны, амьсгалын аппаратанд холбогдсон байгаа. 2019 оны зургадугаар сарын 27-нд аав ээж эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долдугаар сарын 10-нд гэнэт муудаж, өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна.

Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна. Эмч нар бага зэрэг эeрэг үр дүн байгаа ч салхин цэцэг дотор эрхтэнүүдийг маш их гэмтээсэн ямар нэг мэс ажилбар хийх хэмжээнд биe нь очоогүй гэж байгаа.

Дархлаа нь нялх хүүхдийнх шиг хэмжээнд очиж багассан тул гаднын халдвар авах эрсдэл өндөр гээд хамгаалах хэрэгсэл өмсч, хүүгийн өрөөнд орж байгаа. Ямар нэг зураг бичлэг хийхгүй байхыг эмнэлгийн зүгээс анхааруулсан. Хүүгийн минь биe яаж ч мэдэх эгзэгтэй үeдээ байна. Нэг эeрэг үзүүлэлт гарч ирээд гэнэт муудаж, биднийгээ сандаргаж байна. Уг нь би өдөр бүр биeийн байдлын талаар мэдээлж байхыг хүсэвч биeийнх нь тогтворгүй байдлаас болоод мэдээлэл өгч чадахгүй байгаад уучлаарай.

Өөрийн хүү, охин, ах эгч дүү найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгон сэтгэл санаа хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна. Та найргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний Монголын ард түмний ээж аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE