Ц.Амгаланбаатарын үг эрүүдэн шүүлтийг гэрчлэх үү?

-Гэрчид тавигдах шаардлагыг Ц.Амгаланбаатар хангахгүй-

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт ээдрээтэй тал руугаа орж эхэллээ. С.Зоригийг хөнөөсөн хэмээн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурвын хүнийг буруутгаж жил дамнан үргэлжилсэн гурван шатны шүүх хурлаар тэдэнд 20-25 жилийн ялыг оногдуулсан юм. Ийн шийдсэний дараа шүүгдэгчдийн заримыг эрүүдэн шүүсэн гэх гарч, бүр бичлэг хүртэл ил болсон. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын явцад хорих ангид камерт нь Ц.Амгаланбаатар орж дарамталдаг бичлэгийг монголчууд бүгдээрээ үзлээ.

Энэ хэргээс үүдээд ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын хууль шүүхийн байгууллагын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, эдүгээ шүүх хурал нь товлогдоод өнгөрсөн мягмар боллоо.

Шүүх хуралд шүүгдэгчдээс гадна тэдний 10 гаруй өмгөөлөгч, хохирогчийн талд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр дээр Б.Булган ч ирсэн байв. Ингээд шүүх хурал эхлэхэд шүүгдэгчдийн талаас Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах ёстой гэсэн хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд Ц.Амгаланбаатарыг оролцуулахаар зөвшөөрч, ингэхдээ түүнийг гэрчээр татах ёстой гэж үзсэн байх юм. Үүний дагуу хорих ангиас Ц.Амгаланбаатарыг авчруулж, 14:00 цагт шүүх хурал эхэлсэн. Гэвч гэмт хэрэг нь үйлдсэнийг шүүхээр тогтоож ял эдэлж байсан хүнийг гэрчээр татсанд шүүгдэгчдийн тал бухимдаж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Ингээд шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлууллаа.

Ц.Амгаланбаатар яагаад гэрчээр татагдах болов?

Шүүх хурлын явцад үүссэн хамгийн сонирхолтой асуулт энэ юм. Ц.Амгаланбаатар гэрчээр татагдах үндэслэл юу вэ.

Одоогийн байгаа нөхцөл байдал, олон нийтэд ил болсон мэдээллээс харахад тэрээр гэрч байх үндэслэлгүй гэмээр харагдаж байгаа. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт үүсгэсэн хэрэг бол эрүүдэн шүүлтийн хэрэг. Гэтэл уг хэрэгт эрүүдэн шүүлтийг өөрийн гараар гардаж хийсэн хүн нь гэрчээр татагдав.

Ц.Амгаланбаатарын үг гэрчийн мэдүүлэг болох үндэслэлтэй юу?

Тэгвэл гэрч гэж хэн бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-ийн нэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэсэн байна. Түүнээс гадна тухайн хэрэгт хамааралгүй хөндлөнгийн этгээдийг гэрч байх ёстойг хуулчид онцолж байгаа. Тэгвэл Ц.Амгаланбаатар тухайн хэрэгт хөндлөнгөөс оролцох гэрч болох чадах эсэх нь эргэлзээтэй юм. Энэ бол эхний үндэслэл.

Хэдийгээр гурван шатны шүүхээр ял авсан ч эрүүдэн шүүлтийн асуудал дэгдэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай асуудал яригдаж байгаа. Чухам хууль зүйн ямар гаргалгаа байдаг тухай өнөөдөр ч бүрхэг байгаа юм. Гэхдээ үүнээс харахад Б.Содномжараа нарыг хэрэг эргэж сөхөгдөх магадлалтай харагдаж байгаа. Ингээд үзвэл гурван шатны шүүхээс ял авсан гурван хүний хэрэг эцэслэгдэж шийдэгдээгүй болж таарна. Ийм тохиолдолд Ц.Амгаланбаатарын үг гэрчийн мэдүүлэг болох үндэслэл байна уу гэдэг асуулт урган гарна.

Ц.Амгаланбаатар итгэл үнэмшил төрүүлэхүйц гэрч биш

Яахав, гэмт хэрэг үйлдсэн хүн хэргийн гэрч болох тохиолдол байна. Жишээ нь, цагдаа нартай бууцалдаад хөөцөлдөж явтал өөр нэг хүний гэмт хэргийн гэрч болчихсон бол бас тэр хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхэд үгээ хэлэх боломжтой байх ёстой. Харин энэ тохиолдолд Ц.Амгаланбаатар өөр хэргийн биш, өөрийн үйлдсэн эрүүдэн шүүсэн хэрэгтээ гэрчээр дуудагдаж байгаа нь эргэлзээ төрүүлж буй. Магадгүй олон нийтэд ил болоогүй, шүүх бүрэлдэхүүн нууцын зэрэглэлтэй хавтаст хэргээс үндэслэгдсэн байж болох. С.Зоригийн хэрэг биш, зөвхөн эрүү шүүлт тулгасан хэргийн гэрч, хохирогч ч байж мэднэ.

Хуульд зааснаар гэрчийн үг хэргийг шийдэхэд чухал нөлөөтэйг дээр дурдсан. Харин энэ тохиолдолд Ц.Амгаланбаатар олон нийтэд, хэргийг шийдэхэд итгэл үнэмшил төрүүлэхүйц хүн биш. Учир нь тэрээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгт анхнаасаа мэдүүлгээсээ буцсан, мэлзсэн олон үйлдэл гаргасныг олон нийт мартаагүй болов уу.

Одоо өрнөөд байгаа нөхцөл байдлаас харахад Ц.Амгаланбаатар хүн амины хэргийн гэрч үү, эрүүдэн шүүлтийн гэрч үү. Эсвэл хүн амины хэргийг мөрдөх явцад гарсан эрүүдэн шүүлтийн гэрч үү. Гэтэл тэр өөрөө эрүүдэн шүүсэн байдаг…

Ц.Амгаланбаатараас дахиад юу гарах бол?

Ерөөс Ц.Амгаланбаатар гэх нөхөр Монголын гэмт хэргийн ертөнцөд ихээхэн анхаарал татахаар хүн болж хувирч байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдохоос өмнөх түүний онц ноцтой хүн амины хэргүүд, Б.Содномдаржаа нарыг тагнуулын байгууллагаас шалгах явцад түүний бичсэн ноцтой мессежүүд, мөрдөн байцаалтын явцад камер дамжин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталж буй нөхцөл байдал, бас дээр нь өнөөдөр шинээр бий болсон гэрч хэмээх “албан тушаал”. Эдгээр бүх үйл явц, нөхцөл байдал Ц.Амгаланбаатар гэх 37-той идэрхэн залуу хүн ардад ямар их гэм үйлдсэн, эсвэл магадгүй хэн нэгний золиос болсон аль нь бай олон нийтийн анхааралд орж байна.

Түүнээс гадна эрүүдэн шүүлтийн шүүх хуралд С.Зориг агсны эхнэр Б.Булган хохирогчоор оролцсон нь анхаарал татав. Хууль зүйн үндэслэлээрээ бол тэрээр гэрч гэдгийг хуульчид баталдаг. Тиймээс түүнийг гэрч гэдгийг ерөөс мартаж болохгүй. Харин энэ удаа тэрээр хохирогчоор орж ирсэн нь сонирхол төрүүлэв.

Ямартаа ч энэ үйл явц С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг олох, нэг мөр шийдэхэд нөлөөлж, хугацааг хойшлуулах нь ойлгомжтой боллоо.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

 

SHARE