Хоёр эхнэр, гурван нууц амраг, таван хүүхэд буюу Их Британийн шинэ Ерөнхий сайд Борис Жонсоны богино түүх

Өнөөдөр Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд Борис Жонсон томилогдоно. Тереза Мэй Засгийн газраа сүүлчийн удаа хуралдуулсны дараагаар Их Британийн Хатан Хаан Елизавета II-д огцрох өргөдлөө өргөн барьж, улмаар Борис Жонсон кабинетаа байгуулах үүрэг хүлээх юм.

Борис Жонсоныг Их Британийн Ерөнхий сайд болж буй тухай дуулсан зарим хүмүүс “Эхлээд Трамп, дараа нь Жонсон. Үүнийг наргиа гээд хэлээд өгөөч” хэмээн бичих нь элбэг байна. Яагаад Борис Жонсоныг ийнхүү нүд үзүүрлээд буйн учир шалтгаанаас чимххэн өгүүлье.

Дэлхий бол Жонсоныг Трамптай зүйрлэдэг бол харин Их Британийн сэтгүүлчид нь түүнийг “Шоумэн, инээдмийн жүжигчин, оюунлаг луйварчин” гэж нэрлэдэг. Ер нь Жонсон улс төрийн гавьяа, бүтээлээрээ бус харин хачин жигтэй үйлдлүүдээрээ зард гарсан эр.

Гэхдээ Жонсоны удам угсааг харвал хэн ч муулахааргүй. Аав нь улстөрч бас сэтгүүлч. Өвөө нь Европын хороонд хүний эрхийн хамгаалагчаар ажиллаж явсан. За бүр дээшээ удам угсааг нь хөөвөл Османы Эзэнт гүрэнд Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэж явж. Ийм удамтай ч эхэндээ Борис улс төрөөс дайжиж, өөрийнхөө зөнгөөр амьдарч байлаа. Их сургуульд байх үеийн л их зантай, сахилга бат муутай оюутан гэнэ.

Оксфордын төгссөнийхөө дараагаар нэг хэсэг The Times-д ажиллаад үзчихсэн. Гэвч нэгэн өгүүлэлдээ өөртөө зориулж мэргэн үгс бичснийхээ төлөө ажлаа халагджээ. Дараа нь хэд хэдэн хэвлэл, телевизэд ажиллаж үзэв. Ингээд 2001 оноос улстөрчийн замналаа эхлүүлсэн байна. Улстөрчийн замнал нь бартаа саад багатай.  Удалгүй л Их Британийн парламентийн гишүүн болж чадсан байна.

Гэвч хэвлэлээр хууль бус хүүхдийнх нь тухай мэдээ түгсэн тул удирдах албан тушаалаа өгөхөд хүрчээ. Үүний дараагаар Борис Жонсон ч хэсэгтээ таг болж, олон нийт ч мартаж эхлэв. Гэвч тэр гэнэт Лондон хотын захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ. Түүнийг Лондоны иргэд дэмжсэн юм. Бүр дахиад улираан сонгосон гэж байгаа.

Лондоныг захирч байхдаа Борис The Daily Telegraph-д булангаа хөтөлсөөр байв. Жилийн 250 мянган паундын цалинтайгаар булан хөтлөх нь дэндүү үнэтэй гэж бусад хэвлэлүүд өөнтөглөвч мань эр тоохгүй. “Хмм, хоосноос ялгаагүй шүү дээ” гэж бичлэгийн мөнгөө чамласан ч удаатай. Энэ үгийг нь сонссон лондончууд гомдол мэдүүлж эхэлжээ. “Биднээс 10 дахин өндөр цалин авдаг хэрнээ чамладаг хэн бэ!” гэх мэтээр шүүмжлэх болов.

Лондоны олимпийн наадмын тухай нэвтрүүлэг бүр дээр Борис Жонсон дугуй уначихсан харагддаг байлаа. Үнэндээ Борис ба дугуй гэх хэллэг тархчихсан. Лондончуудыг дугуй унуулсан хүн ч гэж хэлэгддэг. Хотынхоо гудамжаар дугуй унаад л давхиж явдаг эр гэж байгаа. Гэтэл хотын захирагчийн зарлагын баримтыг нэг сонин дэлгэтэл таксины төлбөр нь төсөөлшгүй өндөр гарчихсан байдаг! Дугуй унаад л байх шиг байсан чинь үнэн хэрэгтээ яаж ийж молигодож дөнгөснийг нь олон нийт ингэж олж мэджээ.

Гэвч ард түмний ой санамж шар үстэй эрийн энэ занг мөн л удалгүй мартая гэжээ. Жонсоныг Их Британийн Ерөнхий сайд болно гэж ярьж байсан ч Тереза Мэй урдуур нь дайрчихсан юм. Тереза Мэй язгууртан эмэгтэйн зангаа тавьж чадалгүй байсаар мөн Brexit-ийг бүтээж чадахгүй удааснаар албан тушаалаа өгөх боллоо. Дахиад Борис Жонсоны нэр Ерөнхий сайдад яригдаж эхлэх нь тодорхой.

Гэтэл Жонсоны найз бүсгүйн хөршүүд нь цагдаа дуудсан тухай мэдээ түгж, шуугиулаад амжлаа. “Манай гэрээс тонил!” гэж найз бүсгүй нь хашгирч, аяга таваг хагарах чимээ гарсан тул цагдаа дууджээ. Цагдаа нар очиж, хаалгыг нь тогшиж учир явдлыг лавлавал Борис Жонсон улаан дарсаа буйдан дээр асгаад загнуулсан гэнэ. Найз бүсгүй буюу бидний нэрлэдгээр нууц амрагийнхаасаа ийнхүү хөөгдөхдөө Жонсон хашир улстөрчийн хувиар тайван төрхөө хадгалан гарч чадсан байна. Харин эхнэр нь энэ мэдээг дуулаад түүнээс холдон оджээ. Өмнө нь зохиолч, сэтгүүлч бүсгүй Петронелла Уайеттай амрагийн харьцаатай байсныг нь мэдээд уучилж үлдсэн бол энэ удаад эхнэр нь тэвчсэнгүй.

Жонсон сайхан эмэгтэйчүүдэд дуртайгаа нуудаггүй. Эмэгтэйчүүд ч түүнд талтай байдаг нь илт. Анхны эхнэр Аллегра Оуэнээсээ салаад ердөө 12 хоногийн дараагаар хуульч бүсгүй Марина Уилертэй гэрлэчихсэн намтартай. Гэхдээ яарсны учир нь Марина төрөх бараг дөхчихсөн байсантай холбоотой юм. Марина түүнд дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн.

Хувийн амьдралын хувьд ийм нэгэн зохиолтой эр Их Британийн Ерөнхий сайдын суудалд сандайлах гэж байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE