Бямбын Ренчингийн хүү академич Барсболд: С.Зориг маань “Ардчилсан хувьсгал ялсны дараа танай аав байгаагүй нь тун харамсалтай” гэдэг байлаа

Еншөөбүү овогт их зохиолч Бямбын Ренчин гуайн хүү академич Р.Барсболдтой ярилцлаа. Тэрээр Монгол орны палеонтологийн салбарын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.  

-Та сайхан наадав уу?

-Сайхаан, та бүхэн сайхан наадав уу?

-Сайхаан сайхан. Баяр наадам хуучраагүй энэ үед тантай уулзаж байгаагийнх наадмын тухай сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлмээр байна. Ялангуяа аавтайгаа өнгөрүүлсэн наадмын тухай сайхан хууч хөөрөхгүй юу?

-Би зүгээр ерөнхий байдлыг нь санадаг юм. Хотод өссөн хүүхэд наадмын сайхныг тэр амсахгүй. Том болоод сургуульд суралцаж байхдаа манайх Хэрлэнд очиж амарсан юм. Тэр нэг жил зунжин морь унаж билээ. Намайг морь унаж байгааг аав маань харчихаад монголчууд гадныхны жижигхэн гэж ярьдаг ийм мориороо дэлхийг эзэлж байсан шүү дээ гэж билээ. Аав маань шоронд багагүй хугацаанд байсан болохоор хамт өнгөрүүлсэн наадмыг нэг их сайн санадаггүй юм.

-Аав тань хүүхдүүддээ захьдаг байсан сургууль үгс юу байв. Б.Ренчин гуайн бүтээл туурвил ухаарал хайрласан, шүүмж чиглэлд байдаг болохоор үр хүүхдүүддээ илүү ихийг хэлж сургадаг байсан болов уу гэж бодох юм?

-Ер нь олон хүн ингэж асуудаг, эгч бид хоёроос. Бид хоёр яг зэрэг энэ асуултыг хариуг олж байлаа. Нэг их хэлж сургахаас илүү өөрөө л амьд жишээ байжээ гэж боддог. Өглөө сургуульдаа яваад очиход аав маань аль хэдийнэ оччихсон бичгийн машинаараа юм бичиж суудагсан. Бичгийн ширээ нь хачин гоё. Монголд байдаггүй, гаднаас авч ирсэн үзэг, бал, харандаа, хаддаг тогтоодог хавчаартай. Аав хоёр бичгийн машинтай. Нэг талд нь кирилл, нөгөө талд нь латинаар бичдэг. Бидэнд хэлдэг нэг гол зүйл бол ном л унших хэрэгтэй гэж хэлдэг байсан. Аав маань архи дарс ер хэрэглэхгүй, хоолд ундандаа их сайн. Нэг удаа л нэлээд согтуу байсныг мэдэх юм.

-Баяр наадам байсан уу?

-Үгүй, үгүй. ЗХУ-ын маршал, дайны хошой баатар Е.Я.Казовский манай улсад амрахаар тэр нэг жил ирсэн юм. Бал дарга л хүлээж авсан байж таарна. Е.Я.Казовский маршал Нүхтэд байрлаж, манайх ч яах вэ, Нүхтээс доош засмал замын доод хэсэгт байдаг байлаа. Е.Я.Казовский чинь польш гаралтай хүн. Шоронд сууж байгаад дайны өмнөхөн гарсан байдаг. Биерхүү өндөр хүн. Тэр үеийн хурандаа нар бол заавал гэдэстэй. Е.Я.Казовский өглөө бүр алхалт хийдэг байлаа. Бараг 10 орчим км-т өглөө бүр алхдаг байсан байх. Тэр үед нас нь  70 сүрхий гарсан үе. Хойноос нь манай монгол хоёр хурандаа дагаад алхана. Тэдний малгайгаа гартаа атгачихсан, алхаж чадахгүй Е.Я.Казовскийн араас хөлсөө асгаруулаад гүйж байсан санагддаг. Өглөөний 08:00 цаг жаахан өнгөрч байхад л алхана. Мэдээж тэр хоёр хурандааг дагаж алх гэж дээрээс Бал дарга л үүрэг өгсөн байж таарна. Хүүхдүүд бид хараад инээж хөхрөөд л. Орос баатар хүүхдүүд биднийг хараад нэг сайхан инээмсэглэчихээд л яваад өгчихдөг. Нэг өдөр гэнэт манай гэрийн гадна хар машинтай хүмүүс ирээд аавыг суулгаж аваад явсан. Нар жаргахын үед аав маань нэлээд согтсон, нэг их хөгжилтэй инээд алдсан орж ирж байлаа.

-Б.Ренчин гуайг машинтай авч явсан нь хүн Е.Я.Казовский маршал мөн үү?

-Тэгэлгүй яахав. Маргааш нь ярихдаа маршалтай уулзсан гэдгээ хэлсэн. Тэр хоёр өмнө нь нэг нэгийгээ дайны үед мэддэг байж. Маршал яахав, өөрөө хурандаа туслахтай. Хаалган дээр зогсч байна. Түүнээгээ дуудаж байна гэнэ. “Алив тэр шүүгээнээс конъяк гаргаад ир” гэж. Тэр үе Е.Я.Казовский эхнэртэйгээ ирсэн байж. Авгай нь тэрүүхэн тэнд сүлжмэл нэхээд сууж байсан гэдэг. Эхнэр нь түүний уух юмыг их хардаг бололтой. Е.Я.Казовский түүнийг харчихаад ширээгээ цохиод “Чамд ЗХУ-ын маршал тушааж байна” гэтэл дор нь гүйж очоод конъяк гаргаж ирээд хундагаласан байгаа юм. Хоёр дахь удаагаа шууд авгай руугаа хартал нөгөөх нь дахиад босч очоод бас нэг конъяк гаргаж өгсөн гэнэ. Манай аав тэгж ерөөсөө уудаггүй байсан. Тэр хоёр гурван шилийг уусан байна. Хоёулаа нэлээд сайн согтоод их сайхан байсныг маргааш нь аав маань хэлж байсан. Аавыгаа архи ууж байхыг амьдралдаа анх удаа харж байсан.

-Та бас улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсантай найзалж нөхөрлөж явсан гэсэн. Б.Ренчин гуай С.Зориг агсан хоёр уулзаж байсан уу?

-С.Зориг сүүлд нэг удаа ингэж ярьж байсан. “Ардчилсан нийгэм бий болж байх үед танай аав байхгүй байгаа нь их харамсалтай байна. Уг нь их л сайхан хүлээж авах байсан байх даа” гэж ярьдаг байсан. Би ч гэсэн тэгж бодож байна. Манай аав Хятадыг их шүтнэ  ээ. Тэднийг юмхнаар юм хийж чадсан ухааныг нь хэлж байгаа юм.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

 

SHARE