Кальдерон: Зиданыг буцааж авчрахдаа Бэйлийг явуулна гээд амлачихсан юм аа…

Испанийн “Реал Мадрид”-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Рамон Кальдерон байсхийгээд л өнөөгийн клубын байдлын талаар сөрөг хандлагатай үгс хэлдэг нэгэн. Энэ удаад уэльс жигүүрийн хагас хамгаалагч Гарет Бэйлийг явуулахыг хүсч буйгаа Зинедин Зидан ил зарласны дараагаар Рамон Кальдерон нөхцөл байдлын талаар ийн өгүүлжээ.

“Зидан өнгөрсөн улиралд багт буцан ирэхдээ л Бэйлийг тооцооноосоо хасчихсан хүн. Ер нь өмнө нь ч Криштиано Роналдог авч үлдээд, харин Гарет Бэйлийг явуулна гэсэн бодолтой байсан юм билээ. Гэвч Флорентино Перес үгэнд нь ороогүй болохоор Зидан ажлаа өгөөд явсан. Харин түүнийг буцааж авчрахдаа Бэйлийг явуулна гээд Перес амлачихсан юм аа” хэмээн Рамон Кальдерон өгүүлжээ.

Одоо Гарет Бэйлд хэд хэдэн зам байгаа сурагтай. Бэйлийн цалин их өндөр тул Мадридын баг хагас үнээр нь ч зарчихаж магадгүй гэсэн мэдээ түгсэн. Нэгд, Хятадын “Бээжин Гүоань”-тай маш өндөр цалинтай гэрээнд гарын үсэг зурах зам Бэйлд бий гэнэ. Хоёрт, Францын “ПСЖ”-тэй тоглогчоор сольж магадгүй тухай ч цуу яриа гарсан билээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE