Монголын нууц товчоо

Төрийн ордонд дээдлэн залсугай

 

“Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх тухай манай улсын хоёр, гурав дахь Ерөнхийлөгч тус тус нэг зарлиг буулгасан. Н.Багабанди Ерөнхийлөгч 2004 оны хоёрдугаар сарын 18-нд “Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь Монголын нууц товчоог урлан бүтээж Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай”, “Монголын нууц товчоог айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй” гэсэн билээ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс 2006 оны долоодугаар сарын  8-нд “Монголын нууц товчоо”-ны хосгүй нэгэн хувийг Төрийн ордонд дээдлэн залсугай” хэмээн бас нэг зарлиг гаргасан. Төрийн ордонд 2004 онд залсан хосгүй хувь  нь Ц.Дамдинсүрэн академичийн шинэ цагийн монгол хэлэнд хөрвүүлснийг баримталсан, харин 2006 оных бол, Их Монгол улсын 800 жилийн ойд зориулан эрдэмтдийн бэлтгэсэн “сонгомол” гэсэн тодотголтой хувилбар юм.

Бидний тухайд, дунд сургуулийн сурагч байхдаа 1970-аад оны эхээр Ц.Дамдинсүрэн академичийн “Монголын нууц товчоо”-г анх кириллээр уншсан юм. Нэрт эрдэмтэн тэрээр 1940 онд орчин цагийн хэлэнд хөрвүүлэн, энэхүү алдартай түүхэн шастирыг 1240 онд бичиж дуусгасны 700 жилийн ойд зориулан уйгаржин монгол бичгээр ном болгож гаргасан байдаг. 1941 оноос монголчууд орос үсэг дээр суурилсан кирилл бичигт шилжиж орон даяар бүх албан хэргийг шинэ үсгээр явуулж эхэлсэнтэй уялдуулан 1957 онд тэрээр уг номоо монгол бичгээсээ кириллд буулган хэвлүүлжээ. Энэ бол дээр дурдсан бидний танилцсан нэг дэх “Монголын нууц товчоо” (6 төгрөг 10 мөнгөний үнэтэй) юм. Харин уг бүтээлийг хоёр дахь удаа ном хэлбэрээр нь танилцах аз завшаан 1970-аад оны дундуур Баруун Европын Польш улсад тохиож билээ. Тэр “Монголын нууц товчоо” бол Алтай судлалаар дэлхийд гайхагдсан, монголч эрдэмтэн Станислав Калужинскийн 1970 онд польш хэлээр гаргасан “TAJNA HISTORIA MONGOLOW” байв. Энэхүү “Тайна хисториа Монговүв” номын урт өргөн нь 14х28 см учраас монгол судар мэт харагдах бөгөөд 231 нүүртэй. Саваагүй зангаар тухайн үед хүнсний дэлгүүрийн жин дээр тавьж үзэхэд хүнд нь 400 грамм байсан шүү. 1925 онд мэндэлсэн пан Калужинский 83 насыг зооглож 2007 онд тэнгэрт дэвших хүртэлх амьдралынхаа хугацаанд Монгол судлалын “Tajna historia Mongołуw: anonimowa kronika mongolska z XIII w”, “Imperium mongolskie”, “Klasyczny język mongolski”, “Tradycje i legendy ludуw Mongolii”, “Dawni Mongołowie” бүтээлээрээ эрдмийн хөшөө босгосон билээ. Манай ШУА, МУИС-ийн хүндэт доктор, ноён Калужинский 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, 1995 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

 

 

Алтан ордны Абдуллагийн мөнгөн гэрэгэ

 

Бид бүхэн Ц.Дамдинсүрэн академичийн кирилл “Монголын нууц товчоо”-той  танилцсан гэдэг нь удаа дараа уншсан гэдгээ хэлж байгаа юм. Харин ноён Калужинскийн польш “TAJNA HISTORIA MONGOLOW”-той танилцсан гэдэг нь номд орсон түүхэн ховор зургийг хичээнгүйлэн сонирхсон болохоо илэрхийлж буй хэрэг. 1970 оны энэ польш номноос монгол гэрэгэ (пайз)-ний зургийг анх удаа харсан юм. Тус гэрэгэ нь Алтан орд улсын хаан ширээнд 1367-1370 онд заларч байсан Абдулла хааных байлаа. Энэ зарлигт мөнгөн пайзын нэг талд: “Мөнх тэнгэрийн хүчинд их суу залийн игээнд”, пайзын нөгөө талд: “Абдуллагийн зарлиг. Хэн үл бишрэх хүн алдах үхэх” гэжээ. Игээнд гэдгийг ивээлд, алдахыг алагдах гэж ойлгож унших ёстой юм билээ. Эрт дээр цагт алагдах гэсэн үгийг алдах гэж бичдэг байжээ. Гэрэгэ нь гэрчлэх тэмдэг гэсэн утгатай уугуул монгол үг. Хожмоо пайз гэсэн хятад үгээр солигдож нэг хэсэг хугацаанд аман болон бичгийн хэлэнд нэр томьёоны утгаар хэрэглэгдэхээ больсон байсан. Харин одоо буцаан сэргээж хэрэглэж байгаа. Алтан ордны Абдулла хаанаас 100 гаруй жилийн өмнө, Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилай цэцний үед ч (1260-1294 онд хаан) гэрэгэ нь  шагнал сайшаал, эрх дархын чухал илэрхийлэл батламж байсныг Италийн алдарт жуулчин Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” номын 81 дүгээр бүлэгт бичсэнээс мэдэж болно. Үүнд:

-“Зуутын ноён мөнгөн гэрэгэтэй, мянгатын ноён алтан буюу алт мөнгө хосолсон гэрэгэтэй, харин түмтийн ноён арслангийн толгой бүхий алтан гэрэгэ хэрэглэнэ. Эдгээр гэрэгэний хүнд хөнгөний талаар хэдэн үг өгүүлсүгэй! Зуут, мянгатын ноёны гэрэгэ зуун хорин сайес (3,6 кг) жинтэй, харин арслангийн толгойт гэрэгэ нь хоёр зуун хорин сайес (6,6 кг) татах бөгөөд бүгдийн дээр ийн нэгэн зарлиг бичсэн ажгуу. Үүнд: “Мөнх тэнгэрийн ивгээлээр ертөнц дахинд их эзэн хааны нэр сүр мөнхжин аливаа гэмтэн тэрсүүд нар арилан сөнөтүгэй!” гээд мөн тэр гэрэгэ дээрээ тэр ноёны эзэмшил газартаа эрх тушаалаа хэрхэн эдлэх тухай бичсэн  ажээ. Бас нэмэн өгүүлэхэд: Бумтын ноён буюу их цэргийн жанжин хүн дөрвөн зуун сайес (12 кг) хүнд алтан гэрэгэ хэрэглэнэ. Тэрхүү гэрэгэний нүүрэн дээрх зарлигийг бичиж, түүний дээд доод талд нар cap болон арслангийн дүрс сийлсэн байдаг. Тийм гэрэгэ бүхий хүн их хэрэг шийтгэх эрх тушаал хүлээж онцгой эрх дарх эдлэхийн дээр хаа газар морилон явахдаа ямагт бяцхан жууз дотор мөнгөн сандал дээр залрах бөгөөд энэ нь тэр хүний эрхэмсэг их ноён болохыг илтгэнэ. Мөн их хаан зарим их ноёдыг элч мэдээчээр илгээхдээ шонхор шувууны дүрс бүхий пайз олгон, чингэснээрээ тэднийг өөртэйгөө адил эрх засаг бүхий болгон хааны агт морьдоос ч хэрэглэж болно хэмээжээ. Хааны агтнаас хэрэглэнэ гэдэг бол бусад бүх хүний унаа морьдыг эдэлж болно гэсэн үг” хэмээн тэмдэглэсэн байх юм. Энд гарч буй сейес нь Марко Пологийн төрсөн нутаг Италийн Венец хотын хүндийн нэгж. Нэг сейес нь ойролцоогоор 30 граммтай тэнцэнэ.

Уран хатгамлаар 180 метр үргэлжлэх товчоон

Арваад жилийн өмнө Хэнтий нутгийн унаган хөвгүүн, зохиолч, сэтгүүлч Хонхэрэйдийн Б.Энхбат нь гэргий уран хатгамалч Т.Сумъяа, охин уран хатгамалч Э.Гуамарал нарын хамтаар уг номыг эртний Монголын “худам бичиг”-ээр уран хатгамлаар оёж бүтээх төсөл хэрэгжүүлж эхэллээ гэсэн мэдээ, мэдээлэл сонин хэвлэлээр цацагдаж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Төслийг санаачлагчид урлаг соёлоо дээдлэгч нөхдийн дэмжлэгтэйгээр 2005 оны тавдугаар сараас эхлүүлэн 12500 цаг буюу таван жилийн хөдөлмөрийн цагт багтаан “Монголын нууц товчоо”-г 180 метр урт хөх өнгийн торгон дээр есөн эрдэнийн өнгө бүхий утсаар гараар оёж бүтээсэн. Энэхүү урлагийн бүтээлээ 2016 оны өвөл гэхэд дуусган “гараас гаргасан” бөгөөд есөн эрдэнээр чимэглэсэн зэс хөөмөл яст мэлхийний нуруунд залж, гангаар хийсэн ширээн дээр суурилуулан дээдэлсэн билээ.

Уг бүтээлд Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын нутаг дэвсгэр тухайн цаг дор дэлхийн хуурай газрын талыг хамарч байсан гэдгийг харгалзан, ер нь бүтэн тойрог 360 хэм, түүний хагас нь 180 хэм гэж үзээд бэлгэдлийн 180 гэсэн тоог авч дэвсгэр торгоны уртыг тогтоосон. “Монголын нууц товчоо”-г хөх торгон дээр гараар шаглаж бүтээснийхээ дараа хөрст дэлхийн өнгөт ногоон торгоор ар талыг хучиж, цагаан, улаан, шар, хар өнгийн торгоор хүрээ тавьсан. Эдгээр өнгийн бэлгэдлийг хэлбэл: цагаан-ариун  тансаг, улаан-бадран мандах, шар-тэжээн тэтгэх, хар-хүч чадал  оргилох гэсэн тайлалтай билээ.

Уран хатгамлаар 180 метр үргэлжлэх энэхүү “Монголын нууц товчоо”-нд номын чимэг болгож бүтээсэн 23 зургийг танилцуулъя. Үүнд:

  1. Алунгуа эх таван хөвүүний хамт
  2. Тэмүүжин төрөв
  3. Монголчуудын их ан ав
  4. Их Монгол төрийн хатад
  5. Их Монгол төрийн бөө
  6. Монгол цэргийн байлдааны нууцаас
  7. Их Монгол төрийн элч
  8. Эзэн Чингис хаанд харь гүрний төлөөлөгч нар бараалхаж буй
  9. Монгол уламжлалт бичиг
  10. Их Монгол төрийн их наадам
  11. Монголын их эзэнт гүрэн /зээгт наамал/
  12. Эзэн Чингис хаан есөн өрлөгийн хамт
  13. Их нүүдэл
  14. Монголын эзэнт гүрний хаан Өгөөдэй
  15. Эзэн богд Чингис хааны Төрийн их хас тамга
  16. Эзэн богд Чингис хааны гэрэлт хөшөө /зээгт наамал/
  17. Монголын их төрийн туульч
  18. Монголын нууц товчоог эх хэл дээрээ орчуулсан улс орны далбаанууд /зээгт наамал/
  19. Их Монголын агуу эзэнт гүрний таван тулгуур улс
  20. Түмэн наст хээ
  21. 12 жилийн зээгт наамал
  22. Гарчгийн зээгт наамал
  23. Бөрт чоно, Гуа маралын зээгэн хатгамал эдгээр болно.

Б.Ерэнтэй /Сэтгүүлч, СГЗ/

SHARE