Баярын үеэр бага насны гурван хүүхэд усанд энджээ

Онцгой байдлын ерөнхий газраас баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдал ямар байсан талаар мэдээлэл хийв.

Үндэсний их баяр наадмын амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллага 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ. Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 5272 алба хаагч /давхардсан тоогоор/ аюулт үзэгдэл ослын 34, обьектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн 7 нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж, голын усны түвшин эрс нэмэгдсэн. Энэ үед амралт, аялал зугаалгаар явж байсан иргэд анхаарал болгоомжоо алдсаны улмаас 15 иргэн голын усанд осолдож, амь насаа алдсан байна. Үүний 12  нь насанд хүрсэн иргэн, гурав нь бага насны хүүхэд байжээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлж байгаа урьдчилсан мэдээгээр долоо, наймдугаар сард хэт халалтын улмаас түр зуурын усархаг аадар бороо орох магадлалтай байгаа гэнэ. Тиймээс ОБЕГ-аас сонор сэрэмжтэй байх, ялангуяа усархаг аадар бороотой байгаа энэ үед голын усны түвшин үерийн хэмжээг давж үерлэж байгаа учир голын эргийн дагуу суурьшиж байгаа иргэд, малчид, тариаланчид, байгууллагынхан гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ойртохгүй байхыг анхааруулав.

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар  хүчтэй аадар бороо орсон боловч Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд хэт хуурайшилттай цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж 7 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4, Мандал суманд 1, Алтанбулаг суманд 1, нийтдээ 6 ойн түймэр дээр ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: news1.mn 
SHARE