“МАЛ” минь чамд 3 сонголт өгье

“Мал” минь чи 80 саяулаа. “Эзэн” болсон бид чинь 3 саяулаа. Чи бид хоёр олон мянган жил хөл зэрэгцэн азийн цээжэнд аж төрөн амьдарч ирлээ. Та нарынхаа идэх өвс, бэлчих газар нутгийг хамгаалах гэж хүмүүс бид чинь олон ч зуун жил амь биеэ өгч ирсэн түүхтэй.

Гэвч юмс өөрчлөгджээ …. Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан ярьж, хөгжлийн дараагийн шатандаа орж байхад эзэд нь эндээ хэрэлдээд л, хэдэн залуусаа гадагш алдаж, хээр талаа цөлжүүлж, хэсэг газраа ухаж дуусахаас өмнө Мал минь чинийхээ ид шидээр маргааш нөгөөдрөө бодохгүй бол горигүй нь. Иймээс чамд доорх гурван сонголтыг өгөхөөс өөр аргагүй боллоо.

 

СОНГОЛТ. Дугаар нэг

Болж л ирсэн юм болж л таараа гэдэг Монгол ухаанаар хоёулаа бахь байдгаараа л байх сонголт. Гэхдээ бахь байдгаараа байвал удахгүй бэлчээрийн даац, үлийн цагаан оготны ачаар чамд минь идэх өвс олдохгүй аандаа Каннибализм буюу маханд орохоос өөр арга үлдэхгүй нь. Тэгээд мал нь малаа барьж идээд дуусахаар хүн бид хүнээ барьж иднэ. Хүний мах амттай гэдэг дээ.

 

СОНГОЛТ. Дугаар хоёр

“Мал, хэл, хил гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян” гэдэг үгийг ойлгохдоо хүмүүс бид малаа бодлогогүй өсгөж байгаад эдийн засгийн илүүдэлд оруулж, идэж ч барахгүй, ашиглаж ч чадахгүй байдалд орох эцсийн үр дүнг хардаггүй юм. Хөөрхий чиний  минь үнэгүйтсэн арьс, нэхий Эмээлт захад хэрэггүй хог болж хэвтэгдээ. Уг нь боловсруулаад нэмүү өртөг шингээе гэсэн ч сачий хүрэхгүй байна уучлаарай. Тэгэхээр чамайг тэр чигт нь хаяад бид газар шороогоо ухаж, Солонгост хар ажил хийгээд амьдарчихна. Баяртай.

 

СОНГОЛТ. Дугаар гурав

Мал минь чамайг хэдэн зуун жил өсгөж үржүүлж, амар тайван сайхан  амьдруулсныхаа хэргийг гаргах гэхээр Ченж хэмээх аваргууд мөнгө хүүлэх зорилгоор чамайг малчдаас үнэгүй шахуу аваад, бидэнд тэнгэрт тулгаж зарах жишээний. Хөдөө хөхөрч, гадаа гандаж чамайг өдий зэрэгтэй өсгөж бөөцийлсөн малчдын хувьд чи ч амьжиргааг нь залгуулах л төдий болждээ. Хүмүүс бид нэгэнт том хэмжээний мах боловсруулах үйлдвэр барьж чадахгүй хойно та нараасаа үржлийн биш хэдийг гаргаж, мал аж ахуйн салбарыг эргэлтэд оруулж, байгаль дэлхийгээ тэнцвэрт оруулах гэхээр Ченжүүдийн ашиг сонирхол зөрчигдөх гээд чичирч байх энүүхэнд. Иймээс “Мал” минь чи хөлөөрөө ч болтугай зугтаагаад бидэндээ үнэ цэн авчраарай.

SHARE