Аминишики: Зодог тайлах нь хамгийн ухаалаг шийдвэр байлаа

Мэргэжлийн сумогийн дэвжээнээ 22 жил гаруй барилдаж, секивакэ цол хүртэж үзсэн Аминишики буюу Рюүжи Сугиномори зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Долоон настайгаасаа эхлэн сумо барилдаж эхэлсэн гэгддэг тэрбээр хэдэн хоногийн өмнө барилдааны үеэр хөлдөө хүнд гэмтэл авсан тул замналаа өндөрлүүлэх нь зөв гэж шийдсэн байна.

“Зодог тайлах нь хамгийн ухаалаг шийдвэр байлаа. Ээлжилсэн олон гэмтэл бэртлийг давж гарсаар ирсэн ч энэ удаагийн гэмтлийн дараагаар дахин барилдах утгагүй гэж бодлоо. Шийдвэртээ би харамсахгүй байна” хэмээн Аминишики өгүүлжээ.

Аминишики 1997 оны нэгдүгээр сард анх мэргэжлийн сумод хөл тавьж, гурван жилийн дараагаар буюу 2000 оны нэгдүгээр сард Жюүрёо зиндаанд дэвшин, тоот бөхийн тоонд багтсан юм. Харин үүнээс хагас жилийн дараагаар Макүүчид дэвшсэн.

2003 оны нэгдүгээр сард Таканохана ёкозүна түүнд ялагдсныхаа дараагаар зодог тайлах тухайгаа зарласан түүхтэй. 2007 оны есдүгээр сард Аминишики сэкиваке цол хүртсэн нь түүний хамгийн өндөр эрэмбэ юм.

Бөхийн замналынхаа туршид тэрбээр 30 төрлийн мэхийг албан ёсны башёд хийсэн, уран барилдаантай бөх. Мөн 12 удаа тусгай шагнал хүртснээс ёкозүна цолтныг найман удаа ялж, “алтан од”-ын эзэн болсон билээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE