Шагийн тасалбартай, яст мэлхийтэй, эрлийз морьдтой, үзэгчдээ чилээсэн наадмын өнгө

Дэлгэр монголчууд дэнж хотойтол сайхан наадамлалаа. Үзэгч олноо уулга алдуулсан хүчит бөхийн даваанууд, хоолой зангируулсан хурдын морьдын уралдаан, алтан шар зурхай дээр нь мэргэд төрсөн баярт мөчүүд л дэнж хотойтол наадах учир шалтгаан юм.

Харин жил, жилийн наадам дагаж яригддаг хэд, хэдэн үндсэн сэдэв бий. Энэ жил мөнөөх л сэдвүүд сэдэрлээ.

 

Агуулгаа өөрчлөх болсон наадмын нээлт

Наадамчин олны хүсэн хүлээдэг эхний хэсэг бол баяр наадмын нээлт юм. Наадмыг хэн найруулах, хэдэн төгрөг төсөвлөх зэргээс л олон нийтийн дунд сонжсон, итгэл тавьсан яриа хөвөрч эхэлдэг. Энэ жилийн наадмыг найруулагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл найруулсан. Нээлтэд зориулж 2.9 тэрбум төгрөгийг улсаас төсөвлөсөн. Үзэгч түмний санал бодол, байр суурь нээлтийг сайхан боллоо гэх хэсэг байхад арай ч ийм зүйл хийнэ гэж бодсонгүй гэх утгатай үг хаялах олон ч байлаа. Нээлт хэлбэрийн хувьд өөр ч  үндсэн агуулга нь Хүннү, Чингис хаан, Богд хаан, Ардын хувьсгалын үеийг харуулсан байдаг л агуулга. Драмын хэдэн жүжигчид жил бүр ээлжлээд л нэг хаан, нэг ноёны дүрд хувирдаг хэвээрээ. За үүнийг түр орхиод хамгийн их шүүмжлэл дагуулсан хэсгийг дурдвал яст мэлхийн дээрх их хотын барилга байшин байв. Найруулагч, хамт олон үүнийг билгэдлээр бүтээсэн байж болох ч олон нийт яст мэлхийн хурдаар Монгол Улс хөгжиж байгааг харуулж доромжиллоо гэцгээж байлаа.

Үндэсний их баяр наадам учраас үндэс угсааны тухай агуулга, хэлбэр байлгүй л яахав. Гэхдээ одоо шинэ салхи оруулах цаг болсныг жил жилийн наадмын үзэгчдийн сэтгэгдэл харуулах боллоо. Мэргэжлийнхэн ч энэ талаар байр сууриа илэрхийлээд эхэлжээ.  Зарим аатай найруулагчид “Би хийе” хэмээн наадмын өмнө зарлаж байсан ч удаатай.

 

 

Онлайнд шилжсэн ч оочерлодог хэвээр наадмын тасалбар

Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд орж үзэх наадмын тасалбарыг тойрсон хэрүүл маргаан бухимдал хамгийн том сэдэв. Олон жил хэдэн өдөр шөнөөр ард иргэд дугаарлаж авдаг тасалбарыг энэ жилээс онлайнаар захиалах боломжтой гээд сүртэй зарлаж байсан ч өнөө л дугаарлаж зогсдог хэвээрээ байлаа. Дээрээс нь тасалбарыг шаглаж зарах байдал бүр ч арилсангүй. Уг нь мэдээлэл технологи өндөр хөгжсөн энэ үед наадмын тасалбарыг шаггүй, олон нийтийн бухимдалгүй зарах түмэн арга байгааг хүн бүр ярьдаг. Мэргэжлийн хүрээнийхэн ч энэ талаар ажиллаад ч тусыг олж чадаагүй байна. Энэ тухай Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн олон нийтийн сүлжээнд “Манайх яачихсан ард түмэн гэхээрээ хэдэн цаг, өдрөөр очeрлож байж авдаг байх ёстой юм бүү мэд! Тэгээд нэг тасалбар нь хэдэн зуун мянган төгрөгөөр дамлагдана. Ажихад жилийн жилд зохион байгуулалтаа сайжруулахгүйгээс болж хэсэг бүлэг хүмүүсийн бизнeс болоод удаж байна. Дэлхийн хөгжил дэвшилтэй ойртуулахын тулд миний биe 2010 онд Ticket.mn домайн нэрийг авч, онлайн тасалбарын систeмийг 2013 оноос хѳгжүүлж байна. Саад бэрхшээл зөндөө л тууллаа. Уран бүтээлчид нь тасалбарынх нь мөнгөнөөс илүүчилж хусах гэж байгаам шиг сэтгэгдэлтэй, ард иргэд нь бараг бүгд смарт утастай мөртлөө уламжлалт аргаараа очeрлож, эсвэл гэртээ хүргүүлж авах сонирхолтой. Гэтэл зүгээр л борлуулахаар бодож байсан тасалбарын дүн дээрээ бага зэргийн хувь шимэтгэл нэмээд л борлуулахад болох асуудал. Тэгснээр бид цаас хэвлэхгүй байгальд ээлтэй болж чадна, хүргэлт хийх гэж замын түгжээнд түлш зарцуулах шаардлаггүй болно. Хүссэн газраасаа, хүссэн суудлаа харж, хэдэн сарын өмнө ч захиалаад мэйл дээрээ, утсан дээрээ зургаар авахад л болно. Хичнээн хий хөрөнгө хэмнэх бол. Үүний цаана улсдаа бодитоор татвар төлж байна, үзэгчдийн статистик тоо бодитоор гарч байна. Уран бүтээлчид ч хулгайч биш болно, үзэгч ч хулгайч биш болно” гэсэн байв.

 

Эрлийз морьдтой уралдаан

Энэ жилийн наадамд бөхийн найрааны тухай өмнөх жилүүдээс овоо бага яригдав. Найраа бага байсан бололтой гэж дүгнэхээс яахав. Харин хурдан морины уралдаан дээр монгол адууг эрлийз хурлийзаар нь нэрлээд хассан явдал наадамчин олныг бухимдуулав.

Баяр наадмын комиссынхон морийг сэрвээний өндөр, шүд, үүлдвэрлэг байдал гэсэн гурван зүйлээр үзлэг хийдэг юм байна. Тод манлай уяач Л.Батмөнхийн адууг уралдаанд оруулаагүй аж. Тэрээр “Миний морь бол Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат н..Жалбуу гэдэг хүний унаган адуу. Асгат сумын 90 жилийн ойд соёолонд түрүүлсэн морь. Улсад өнгөрсөн жил ч уралдсан. Цэвэр монгол морь. Төрийн наадмыг төрийн хяналтан дор зохион байгуулдаг гэж бодтол авилгал авдаг нэг бүлэглэл зохион байгуулж байна. Өгснийг нь уралдуулдаг, өгөөгүйг нь уралдуулдаггүй юм байна. Гэтэл уралдаж байгаа морьд нь бүгд эрлийз. Ийм асуудал олон жил үргэлжиллээ” гэж мэдэгдэв. Энэ асуудал тун удахгүй АТГ-т хүрэх шинжтэй.

Үнэхээр ч эрлийз морь монгол наадамд уралдах ёсгүй. Баяр наадмын комиссынхон шүүлтийг шударга зарчимтай яс нарийн явуулах учиртай юм. Гэвч хурдан морины уралдаанд эрлийз адуу уралдаж байгааг хүн бүр л хэлж байна лээ.

 

“Улаанбаатарын үдэш”-ийг дахиж үзэлтгүй

Баяр наадмын салшгүй нэг хэсэг бол урлаг уран сайхны арга хэмжээ байдаг. Ялангуяа гадаадын жуулчдад зориулсан гол арга хэмжээ ч гэж үзэж болно. Уламжлал болгон жил бүр “Улаанбаатарын үдэш” хөтөлбөр явагддаг. Энэ жилийн “Улаанбаатарын үдэш” үзэгчдээ цаг гаруй хүлээлгэсэн, уйтгартай, үзэгдэх орчингүй арга хэмжээ болж хувирсныг шүүмжлэх хүмүүс олон байлаа. Олон нийтийн сүлжээнд тархсан хэдэн дуучдын нэрс зоосноос өөр тайлбар, зохиолгүй хөтөлбөрөөс л арга хэмжээний зохион байгуулалт харагдана. 21:00 цагт эхлэхээр товлосон арга хэмжээ цаг нь болчихоод байхад хэсэг залуус тайзаа шинээр засч эхэлсэн. Дэлгэцүүд нь асаагүй, өсгөгч нь хагас дутуу ажилласан, ямар нэгэн агуулга утгыг илэрхийлээгүй, зүгээр л уран бүтээлчдийг ар араас нь дуулуулж бүжиглүүлээд л өнгөрөв. Өмнөх жилүүдийн “Улаанбаатарын үдэш” арай ч ийм байгаагүй юм. Дэлхийн сонгодог урлагт нэрээ гаргасан гавьяат Г.Ариунбаатарын үзүүлбэрүүд тэр үдшийн үзэгчдийг хэдэн цагаар уясныг тод санаж байна.

Ингээд тоочоод байвал урсаад л байхаар аж. Энэ бол цэвэр үзэгч олон, мэргэжлийн хүрээнийхний үнэнг ярьсан байр суурь юм. Монгол үндэсний баяр наадмаа чанартай, сэтгэлтэй, шинийг эрэлхийлж хийхийг л үзэгч, наадамчин олон хүссээр, хүлээсээр байгаагаагийн илрэл.

Монгол Улс жуулчдыг татдаг нэг номерын арга хэмжээ яалт ч үгүй Үндэсний их баяр наадам билээ. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE