Уимблдоны финалын дараахь Жокович болон Федерерийн үгс

Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Новак Жокович-Рожер Федерер нар дөрвөн цаг 55 минутын турш өрсөлдөн тэмцэлдэж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн финалыг “бүтээлээ”.

Новак Жокович 7:6, 1:6, 7:6, 4:6, 13:12-өөр ялалт байгуулсан ч тоглолтын турш бараг бүх үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө дутуу байсныг мэргэжилтнүүд онцолжээ. Мөн тэрбээр хоёр ч матчболыг давж гарч чадснаар Уимблдонд тав дахь удаагаа, Их дуулгын цувралд 16 дахиа түрүүллээ.

“Ийм агшны төлөө хүн амьдардаг юм шүү дээ. Ийм тоглолтын талбай дахь агшин бүр, хөдөлгөөн, цохилт бүр утга агуулгатай. Өнөөдөр талбайд гарахынхаа өмнө би “За, тайван, анхааралтай байна шүү” гэж өөртөө хэлсэн юм. Үзэгчид Рожерийг илүү дэмжинэ гэдгийг эхнээсээ л мэдэж байсан. Учир нь дандаа тэгдэг юм чинь. Рожер ч сайн тоглолоо. Миний сэтгэлзүйн хувьд хамгийн дарамттай, ачаалалтай тоглолт энэ боллоо.

Үзэгчид “Рожер” гэж дэмжин хашгирахад би дотроо “Новак” гэж сонсож хүлээж авахыг хичээж байлаа. Уг нь Новак нь илүү сонсголонтой байгаа биз дээ /инээв/. Тэнэг сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ би өөрийгөө ингэж л ирлэж тоглолоо.

Ганц оноо алдахад л хожигдчих үе ч гарлаа. Ер нь энэ тоглолтод бүх юм байлаа. Тоглолтын турш Рожерийн давуулалт их хүчтэй байсан. Түүнийг хаашаа, ямар хүчтэй давуулахыг таахад хэцүү.

Дөрөв, тавхан настай байхдаа  би Уимблдоны цомыг цаасаар хийж, өөрөө тэрийг гардаж байна гэж мөрөөдөж өссөн” хэмээн Новак Жокович өгүүлжээ.

Харин Рожер Федерер финалын дараагаар “Матчболын хоёр давуулалтад ердөө ганц цохилтоо л амжилттай гүйцэтгэсэн бол болчих байлаа. Гэхдээ би энэ тоглолтын мууг нь биш сайныг нь бодож, түүн дээр сэтгэлзүйгээр өргөмөөр байна.Ийм хожигдлыг хурдхан л мартах хэрэгтэй. Ямартай ч финалд хүрлээ. Одоо нэгэнт финал болоод өнгөрчихсөн хойно илүү юм бодож, өөрийгөө шаналгах хэрэггүй.

Ер нь нэг юм хэлчихэд, 37 настайдаа тоглож болдог юм байна шүү гэдгийг би хүмүүст харуулсан гэж бодож байна. Бие хаа маань үнэхээр хөнгөн сайхан байна. Мэдээж, одоо түр амсхийж, амрах хэрэгтэй. 37 болон түүнээс дээш настай хүмүүст боломж байгааг харуулсандаа баяртай байна” хэмээн Федерер өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE