Хязаалангаа хасуулаад “Хууль өөрчилнө” гэв

 Д.Бат-Очир

 

Хаянгаагийн Болорчулуун гэж Дорнодоос сонгогддог гишүүн байдаг. “Дорнод гурил” компанийн эзэн тэрээр ЖДҮ “хуссан” гишүүдийн нэг юм. Х.Болорчулуун бас шаггүй уяач, моринд хорхойтой гишүүдийн нэг ажээ. Харин эрхэм төрийн түшээ маань энэ жилийн наадмаар төрдөө баахан гомджээ.

Түүний хязааланг Морины комиссынхон эрлийз гээд хасч орхижээ. Үүнд уурссан Х.Болорчулуун цахим хуудастаа “…Соёолон насанд гэхэд айргийн таван адууны гурав нь цэвэр азарганы төл 1 -р үеийн эрлийзүүд байгааг уяачид удмын баримттайгаар хэлцгээж байна.

Түрүү соёолон гэхэд манай аймгийн Цагаан-Овоо сумын тод манлай уяач Зоригоогоос худалдаж авсан цэвэр эрлийз байх жишээтэй. Нөгөө үүлдэрлэг байдлыг хэлбэр хийцээр нь ялгаж уралдуулна гэдэг популистууд үнэнд гүйцэгдэж байна. Миний хувьд хязаалан монгол үрээгээ хасуулж, соёолонгийн айраг цалгиулж зургаалсан ч, ээжийнхээ хэл ам хийж хэрэггүй шүү гэснийг биелүүлж наадам уралдааны үед амаа барьж чимээгүй байлаа. Нөгөө талаар улсын наадмын түрүү авч байсны хувьд хор хорхой ч дарагдсан бололтой. Дараа дараагийн наадмыг ингэж хийж, зохион байгуулж болохгүй ээ. Олон сайхан уяач, унаач хүүхдийн урам хугарч байна.

Баяр наадмын /морин уралдааны/хуулинд намрын чуулганаар өөрчлөлт оруулж шинэчлэх болно” гэв. Хоёр талтай. Энэ үнэн бол Баяр наадмыг зохион байгуулах комисс алдаагаа засч, залруулахын аль нэгийг хийх ёстой. Морины комисс Х.Болорчулууны хязааланг хассаны буянаар хуульд өөрчлөлт орох болж байх шиг байна. Нөгөө талаар Х.Болорчулуун өөрийнхөө морийг хасуулаагүй бол энэ талаар дуугарах байсан уу. Үгүй л болов уу. Уурандаа дуугарахаар барахгүй “Хууль өөрчилнө” гэжээ. Бас тэрээр “Популистууд үнэнд гүйцэгдэж байна” хэмээв.

Популист гэснээс энэ парламентын ахмад попуудын нэг нь тэр байсан юм. Гэвч өмнөх парламентаас хойш хамт попдож ирсэн нөхөр нь сайд болоод хаяад явчихсан. Шударга 5 гэгддэг залуу попуудыг бараадаж үзсэн ч нөгөөдүүл нь ойртуулаагүй гэдэг. Ийм л юм. ЖДҮ-гээ хэрэг биш гэж шууд хэлдэг Х.Болорчулуун хязааланг нь эрлийз гэсэн төрийн хуулийг өөрчилнө гэв. Хүсэл, хообийгоо хэрэгжүүлэх эрх мэдэлтэй байна гэдэг ийм сайхан ажээ.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE