Дани Алвеш: Үргэлж найзын чинь зөв байна гэж үгүй…

Америкийн цомын тэмцээний гуравдугаар байрын Аргентин-Чилийн тоглолтын эхний үед Лионель Месси өрсөлдөгч багийнхаа ахлагч Гари Медельтэй сөргөлдөж, бие биенийгээ түлхсний улмаас хоёулаа улаан хуудас хүртсэн билээ. Гэвч тоглолтын дараагаар Месси энэ тоглолттой бус харин тэмцээнтэй бүхэлд нь хамаатай авлига болон шүүгчдийн шударга бус ажлын тухай мэдэгдэл хийсэн. Тухайлбал, Бразилын шигшээг шүүгчид илт өргөж, тусалж буй тухай яриандаа дурьдсан юм. Энэ нь мэдээж, бразилчуудын дургүйцлийг төрүүлсэн. Тиймээс ч дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн үе үеийн тоглогчид эгдүүцлээ илэрхийлсээр байна.

Тэгвэл энэ удаад Бразилын шигшээгийн ахлагчаар Америкийн цомд оролцож, тус тэмцээний шилдэг тоглогчийн шагнал гардсан 36 настай Дани Алвеш бодлоо хэлжээ. Тэрбээр Месситэй хамт “Барселона”-д тоглож байсан билээ.

“Чиний найз болохоороо л үргэлж найзын чинь зөв байна гэж үгүй. Олон зүйл дээр нүдээ аниж, амаа хамхиж, өмнөх ажлаа хийсээр ирсэн мэргэжлийн хөлбөмбөгчид, ажилтнуудад Месси хүндэтгэлгүй хандлаа. Тиймэрхүү юм ярьсан нь түүний буруу гэж би бодож байгаа” хэмээн Дани Алвеш өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE