“ОУВС Монгол Улсыг алаад байна”

 

Б.Галцог

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Юу юугүй тулаад байсан $580 саяын зээлээ барагдуулж санаа амарчээ. Хаа сайгүй л ОУВС манай улсыг дахин аварлаа. Ер нь бол ингэж хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй. Эм гашуун байдаг. Түүн шиг ОУВС-гаас тавьсан олон татвар нэмэх бодлогыг зөвшөөрч хийхээс өөр араггүй гэж байна.

Хэдхэн хоногийн дараагаас энэхүү гашуун эмний амт мэдрэгдэж эхэлнэ. Одоо бол яриад л байгаа. Хэн нэгэн бищ дээрээ үзээгүй л байна гэсэн үг. Яг ийм цаг үед эдийн засагч Х.Батсуурь ийн хэлжээ.

Тэрээр “…Ер нь зарчмын хувьд журмын дагуу авах ёстой юмаа, “өөрийн хувиа” авч буй тул ОУВС-гаас болзол, нөхцөл тулгах нь буруу юм.  Нийт $5.5 тэрбумын зээл өгнө  гэсэн гээд л хошгирцгоогоод байх юм, үнэндээ бол үлдсэн $ 5.06 тэрбумын зээл нь бол ОУВС бусад зээлдүүлэгчид зуучилж, Монголд өгүүлэх зээл бөгөөд өндөр хүүтэй, өөр нөхцөлтэй байх юм.  ОУВС-гийн зуулчлалаар 3 сарын 21-нд төлөх ёстой Хөгжлийн банкны бондын $580 сая долларын төлбөрийг Засгийн газрын “Хуралдай” бондоор сольж “амжилттай” шийдлээ гэнэ ээ. Өмнө нь 5.75% хүүтэй  $580 саяын зээлд жилдээ 33,350,000 долларыг хүүнд төлдөг байж тэгвэл энэ бондыг 8.75% хүүтэй 7 жилийн хугацаатай $600 саяын “Хуралдай” бондоор сольсноор жилдээ 52,500,000 долларыг хүүнд нь төлнө.  Тулаад ирсэн бондын төлбөрийг өндөр хүүтэй зээлээр сольж хойшлуулсан  хэрэг.  Ер нь бол олон улсын зах зээл дээрээс 7 хувиас дээш хүүтэй олон саяын зээл авна гэдэг улсаа “ухамсартайгаар хөнөөж” буй хэрэг. Учир нь зээлийн хүү нь хэт өндөрт тооцогддог бөгөөд  зээлийн үйлчилгээний төлбөр нь улс  орныг туйлдуулдаг нөлөөтэй.

…ОУВС-ийн тусламжийг нэг үгээр тайлбарлавал, Монгол Улсад янз бүрийн эх үүсвэрүүдээс өндөр хүүтэй зээл нэмж авах, өрийг өрөөр дарахад зуучилж буй юм. Мөн цаашид зээл авах боломжийг нээж өгсөн гэнэ.  Гэхдээ үүнийхээ хариуд бүтцийн өөрчлөлтүүд хийх, 7 төрлийн татварыг нэмж, бүсээ чангалах замаар  төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг шаардаж буй юм.  Сайндаа ч биш л дээ. Татвар нэмж олсон мөнгө хаашаа явах вэ? Өөрсдийнх нь олгосон, зуучилсан зээлийн төлбөрт явна шүү дээ.  Үнэндээ олон улсын санхүүгийн гол тоглогчдын хувьд Монгол дампуурлаа зарлавал нэг ашигтай, дампуурахгүй ядуураад, гүрийгээд төлбөрөө хийгээд явбал бас нэг ашигтай.  Дампуурч, туйлдсан эдийн засгийг төсөв, мөнгөний зөөлөн, уян хатан бодлого явуулах, гадагш урсах мөнгөний урсгалыг хянах, хууль бус аргаар бий болж оффшорт нуугдсан мөнгийг авчрах замаар авардаг атал дээхэндээ Замби, Зимбабве зэрэг Африкийн улсууд, ойрмогтоо Грек, Украйныг сүйрүүлсэн энэ бодлогыг манайд тулган хүлээлгэхийн  учир юу вэ?  Өнгөцхөн харахад  Засгийн газрыг default болох, дампуурахаас аварсан мэт боловч холын зайндаа Монголыг үргэлж бусдаас хараат байлгах, “vicious circle,” чөтгөрийн тойрог хэмээх өр, зээлийн мөнхийн эргүүлэгт оруулж буй ажиллагаа юм.

…ОУВС-аас манайд үзүүлж буй тусламж, тулган хүлээлгэж буй болзол нөхцөлүүд нь нь энэхүү гаж тогтолцоонд суурилсан далд колончлолыг улам гүнзгийрүүлэн бэхжүүлж буй хэрэг.  ОУВС орж ирээд  өөрийн болоод хамсаатнуудынхаа ашиг сонирхлыг л хамгаалсан.  Тэд энэхүү гаж тогтолцоогоо, түүнийг удирдан залагч нөхдүүдийг л аварсан, харин Монгол Улсыг бол “алаад” далд аргаар мөлжөөд, колончлоод буй хэрэг” гэжээ.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE