“Хавтгай Дэлхий”-гийн ерөнхийлөгч: Сансараас авсан дэлхийн зургууд бүгд хуурамч

Испанийн дөрөвдүгээр дивизионы “Мостолес Баломпье” клуб хэдэн хоногийн өмнө нэрээ “Хавтгай Дэлхий” хэмээн өөрчилсөн юм. Хөлбөмбөгийн гүн гүнзгий мэдлэгтнүүдийн хүртэл дуулж сонсоогүй шахам энэ клуб ингэж нэрээ сольсноор дэлхий дахины танил болсон гэхэд хилсдэхгүй.

“Одоо л хуучны “Мостолес”-ийг дэлхий мэддэг боллоо. Үүний тулд яах ёстой байж вэ? Нэрээ л сольчих хэрэгтэй байж. Одоо манай багийг Flat Earth FC гээд андахгүй боллоо. Зүгээр ч нэг нэр биш шүү. Үнэндээ манай дэлхий бөөрөнхий биш юм шүү дээ, хавтгай. Энэ бодолтой санаа нийлэх хүн бүр манай багийнхан гэсэн үг” хэмээн тус клубын ерөнхийлч Хави Повес мэдэгдэж байлаа.

Тэгвэл өчигдөр тэрбээр дахин ийм мэдэгдэл хийжээ.

“Хүмүүс намайг сурталчилгаагаа л хийж байна гэх байх даа. Гэхдээ би сүүлийн хоёр жилийн турш дэлхийн хамгийн нэртэй эрдэмтэн судлаачдын блогийг дагаж, үзэл бодлыг сонссон. Тэгэхээр би маркетинг хийх гээд байгаа юм биш, зүгээр үнэнийг хэлж байна. Клубынхээ нэрийг өөрчилснөөс хойшхи богино хугацаанд дэлхийн олон улсын 50 гаруй телевиз, сонин хэвлэлд ярилцлага өглөө. Гайхалтай байгаа биз!

Хүмүүс минь өөрсдийн хараагүй, мэдээгүй юмыг бусдын хэлснээр дүгнэж хэзээ ч болохгүй. Үргэлж өөрийн бодолдоо л итгэж байх ёстой. Дэлхий бөөрөнхий л гэнэ. Тэр сансараас авсан зургууд л гэнэ. Тэд чинь бүгдээрээ хуурамч. Үнэндээ тэдэн дунд нэг ч бодит үнэн зураг байхгүй. Дэлхийн хавтгай” хэмээн Хави Повес өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE