Месси хоёр жил Өмнөд Америкт тоглох эрхгүй болж магадгүй

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгч, Аргентины шигшээ багийн ахлагч, Испанийн “Барселона”-гийн ахлагч, довтлогч Лионель Месси Америкийн цомын гуравдугаар байрын төлөөх тоглолтын 37 дахь минутад Чилийн шигшээгийн ахлагч Гари Медельтэй сөргөлдөж, түлхэлцсний улмаас улаан хуудас хүртэж, талбайгаас хөөгдсөн билээ.

Энэ тоглолтод Аргентины шигшээ Серхио Агуэро, Пауло Дибала нарын гоолоор 2:1-ээр өрсөлдөгчөө хожиж, гуравдугаар байрт шалгарсан ч Месси шагналын тавцанд гарч, медаль зүүхээс татгалзсан юм.

Үүгээр зогсохгүй тоглолтын дараагаар авлигад шүүгчид юмуу эсвэл тэмцээнийг зохион явуулагчдыг буруутгасан өнгө аястай үг хэлсэн.

“Яагаад би медаль гардахаар очоогүй вэ гэвэл энэ авлига, үл хүндэтгэлийн нэг хэсэг болохыг хүсээгүй юм. Бид илүү том амжилтад хүрэхээр хэмжээнд тоглосон. Гэвч бидэнд финалд гарах боломжийг олгосонгүй.Авлига, шүүгчид хүмүүсээс хөлбөмбөгийн таашаалыг нь булаан авч байна. Хөлбөмбөгийг сүйтгэж байна. Авлига, шүүгчид биднийг финалд гаргасангүй. Үнэнийг хэлэх ёстой шүү дээ. Бразил Америкийн цомын аварга болох уу гэж үү? Үүнд эргэлзэх ч хэрэггүй. Харамсалтай нь Бразилыг аварга болгохын тулд бүхнийг зохион байгуулжээ. Хэдийгээр Перу тэдэнтэй эн тэнцүүхэн өрсөлдөхөөр хэмжээний баг ч гэсэн VAR болон шүүгчид тэдэнд боломж өгнө гэж бодохгүй байна” гэж Месси мэдэгдсэн.

Тэгвэл Месси эдгээр үгсийнхээ төлөө ойрын хоёр жил Өмнөд Америкт болох тэмцээнд оролцох эрхээ хасуулж магадгүй гэнэ. Тэмцээний зохион явуулагч орон болон тэмцээний зохион явуулалтад оролцож буй албаны хүмүүсийг доромжлохыг CONMEBOL буюу Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбооны дүрмээр хориглодог юм. Хэрвээ энэхүү дүрмийг зөрчвөл хоёр жил тухайн орон нутагт тэмцээнд оролцох эрхийг нь хасдаг журамтай.

Хэрвээ Мессид ийм шийтгэл ногдуулбал, ирэх жил эх нутагтаа зохиогдох Америкийн цом болон ДАШТ-ий урьдчилсан хэсгийн эхний тоглолтуудад оролцох боломжгүй болж магадгүй гэнэ.

Дөрвөн жилийн өмнө Лионель Месси энэ тэмцээний финалд Чилийн шигшээд хожигдсныхоо дараагаар шигшээгийн замналаа өндөрлүүлж буйгаа зарласан ч хожим нь Улсынхаа Ерөнхийлөгч болон Аргентины Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн, шинэ ахлах дасгалжуулагчийн хүсэлтээр дахин шигшээдээ тоглосон удаатай билээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE