Хакухо барилдана, харин Такакэйшо, Ёшиказе нар барилдахгүй

Мэргэжлийн сумогийн Нагоя башё маргааш буюу долоодугаар сарын 7-нд эхэлнэ. Макүүчи буюу дээд зиндааны бөхчүүдээс озэки Такакэйшо, маэгашира Ёшиказе нар гэмтлийн улмаас энэ башёд барилдахааргүй болсон байна. Хоёр бөх хоёулаа өвдөгний гэмтлээс болж тэмцээнийг өнжихөд хүрчээ.

Озэки Такакэйшогийн баруун өвдөгний гэмтэл бүрэн эдгээгүй тул түүнийг багш нь энэ башёд өнжихийг шаардсан байна. Ингэснээр озэки цолоо алдаж сэкивакэ цолтойгоор есдүгээр сарын башёд барилдах юм. Гэхдээ есдүгээр сарын башёд 10 болон түүнээс олон даваа авбал озэки цолоо эргүүлэн авах боломжтой.

Харин Ёшиказегийн хувьд зургаадугаар сард баруун өвдгөндөө хагалгаа хийлгэсэн тул Нагоя башёг өнжинө. Ингэснээр 37 настай сумоч Макүүчи зиндаанаас бууж Жюүрёо зиндаанд эрэмбэлэгдэхээр боллоо.

Макүүчи зиндааны бөхчүүдийн банцүкэ

Нагоя башёгийн эхний өдрийн Макүүчи зиндааны оноолт

 

News1.mn Р.Гэгээ

SHARE