Эрсдэлээс үл эмээгч Иван Зайкин

Үндэсний бөх Монгол түмний цусанд шингэж, удам дамжсаар хэдэн зуун жилийг илээсэн бол их спорттой биднийг холбосон, чөлөөт бөх, сонгомол бөх аргагүй хойд хөршөөс үүдэлтэй. Тэгээд ч Монголын чөлөөт бөхийн тамирчдыг орос школтой гэж ярих нь элбэг байдаг билээ.

Тэгвэл тэрхүү орос гээд байгаа школын эхлэлийг тавьж, олон улсын хүрээнд нэрээ таниулсан нэгэн цуутай бөх бол Иван Зайкин. Иван Поддубныйтай нэгэн үед амьдарч, нэгэн дэвжээнд гарч, гар зөрүүлж үзсэн энэ хүчирхэг бөхийн түүх эдүгээ цагт домог мэт хүүрнэн ярилцахад хүргэжээ.

Нударган зодоончийн өлсгөлөн хүү

Симбирск мужийн Дээд Талызин хэмээх газар 1880 оны арваннэгдүгээр сарын 5-нд нэгэн мяраалаг хөвгүүн мэндэлснийг Иван хэмээн нэрлэжээ. Зайкины гэр бүл тун ядуу. Өдөртөө нэг хооллож, гэдсээ дүүрэн байлгана гэдэг өдрийн од мэт тохионо. Ядуу ч биш бүр гуйланчлал дор амьдарч байсан ч гэж хэлж болохоор байж. Ингээд хүү гэртээ хоосон ходоодоо тэврээд суугаад байх боломжгүй байсан тул 12 настайдаа хар бор ажил хийж, хэдэн бор юм хөлсөнд нь хүртэх болжээ. Тэр багадаа яг л эцэг шигээ Волга мөрний эрэг дээрх хамгийн зартай нударган зодоонч болохыг мөрөөднө.

Тухайн үед ах дүү саятан Меркульев гэж зартай хүмүүс байсан гэнэ. Тэд өөрсдийн гэсэн биеийн хүчний дасгалж, бэлтгэл хийх заалтай байж. Тун азтай тохиолдлоор Зайкин тэднийд ажилд оржээ. Ингээл төрөлхийн хүч тамиртай залуу Зайкиныг бэлтгэлийн заал цэвэрлэх бүсгүй хүний ажил хийлгээд байхаас дэвжээнд гаргавал дээр болхыг ах дүү саятнууд овжин сийрэг ухаанаар олж таньсан хэрэг.

Ингээд хэдэн жил уяж, тэжээсэн Зайкин хэмээх “бяруугаа” 1904 онд ах дүү Меркульевууд Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнд анхлан сойж үзлээ. Гэтэл Зайкин өрсөлдөгч бүрээ далаар нь дарчихаад, түрүүлсэндээ жишим ч үгүй зогсжээ. Эхний тэмцээндээ түрүүлсэн Зайкиныг сонирхогчдын тэмцээнд бус мэргэжлийнхний тэмцээнд сойсон нь зөв юм байна гэдгийг эзэд нь тэр даруй ойлгож авлаа. Зайкин төдий удалгүй мэргэжлийн бөхийн дэвжээнээ Тверь хотноо анх гарчээ.

Түүний амьдрал тэр чигээрээ эрсдэлтэй алхам

Хэдийгээр Зайкин балчир наснаасаа амьдралын бэрхийг амсаж, барагтай хүний зүрх халирахаар ахуй орчинд өсч өндийсөн ч гэсэн гутранги биш харин ч өөдрөг үзэлтэй нэгэн байв. Тэр амьдралын хар ухаанд бүр багаасаа суралцсан нь бөхийн дэвжээн дээр ч илт илэрнэ. Тэр өрсөлдөгчөө олон хормын турш тогтоон барьж, хүч тамирыг нь барж, тэвчээрийнх нь хязгаарт хүргэмэгцээ гэнэтхэн дуртай барьцаа аваад шидчихлдэг байсан тухай тухайн үед барилдааныг үзэж байсан хүмүүс дурсан үлдээсэн нь бий. “Зайкин их зальтай хүн. Тиймээс ч барилдаан нь мөн тийм. Хэний ч бодоогүй, дайрна гэж төсөөлөөгүй тэр үед л Зайкин өрсөлдөгч рүүгээ гэнэт хамаг хүчээрээ дайрдаг. Түүний бяр тэсэрч гардгаараа их онцлогтой. Шийдвэрлэх үед бие хүчилж, өрсөлдөгчөө далаар нь цэвэр дарах нь түүний дархан мэх гэж хэлж болно” хэмээн барилдааныг шимтэн сонирхогч нэгэн тэмдэглэн үлдээсэн байдаг гэнэ.

Зайкин зөвхөн бөхийн дэвжээн дээр ид хаваа гайхуулаад зогсохгүй, тэнгэрт хөөрч, агаарт үзүүлбэр үзүүлж олныг гайхшруулах дуртай байлаа. А.Куприн хэмээх түүний танил “Геркулес” сэтгүүлд бичсэн нэгэн өгүүлэлдээ “Спорт бүр өөрийн гэсэн эрсдэлтэй алхмыг шаарддаг. Харин Зайкины амьдрал тэр чигээрээ эрсдэлтэй алхам, эр зориг байсан гэж хэлж болно” гэж онцлон дурьдсан нь байдаг.

Поддубныйгийн чанга тэврэлтээс цэрвээгүй ганц бөх

Иваны Зайкиныг Иван Поддубныйгийн шавь гэж үзэх нь бий. Үнэндээ аваргуудын хэмээн алдаршсан Иван Поддубныйтай нэг барилдсан бөх дараа нь таарахаасаа эмээн зугтаадаг нь энгийн үзэгдэл байж. Ганц Иван Зайкин л Поддубныйг ялахын тулд байн байн барилдахаас эмээхгүй байлаа. Тэд нийтдээ 15 удаа дэвжээн дээр учраа тааран барилджээ. 1904 онд Воронежид анх таарснаас хойш 1916 онд Тифлист хамгийн сүүлд гар зөрүүлтлээ тэд өрсөлдөгчид хэвээр байлаа.

Тэдний барилдаан янз бүрээр өрнөдөг ч эцэстээ Поддубныйгийн ялалтаар өндөрлөх нь элбэг. 15 барилдснаас Зайкин Поддубныйг нэг ч ялж чадаагүй бөгөөд таван удаа тэнцсэн байдаг. Харин үлдсэн аравт нь ялагджээ. 1908 онд болсон мэргэжлийн бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд учраа таарахдаа 66 минут барилдсан түүх бий. Гэлээ ч цаг зургааны минутын дараа ялагчаар дахиад л Поддубный тодорсон юм /Иван Поддубныйгийн тухай “Бөхийн мэдээ”-гийн эхний дугаарт нийтэлсэн/.

30 минут тэсээд 500 рубль авсан нь

Зайкин олон түмний дунд тун зартай, хүндтэй хүн байсан гэдэг. Түүний шавь, циркийн хүчний үзүүлбрийн жүжигчин В.Херц “Түүний тэсэрч гардаг огцом бяр, жүжиглэх ур чадвар амжилт руу шууд хөтөлдөг байлаа. Тэр ямар ч хүнд барилдаан, хэцүү үзүүлбрийн өмнө зүрх үхдэггүй байсан. Үргэлжийн инээмсэглэл нүүрэндээ тоджуулж, байнга амьдралаас сайн сайхныг харж чаддаг мэт санагддаг байж билээ” гэж дурсжээ.

1909 онд эр чадалдаа эрдсэн Польшийн аварга бөх Станислав Збышко гэгч нэгэн сагсуу зарыг энд тэндгүй тараажээ. “Гучин минут далаараа даруулчихгүй надтай ноцолдож чадах хүн байвал 500 рубль шагналд нь өгье” гэсэн түүний зарыг уншсан Зайкин хэдэн цаас “хийгээд авья” гээд дэвжээнд гарахыг зөвшөөрсөн гэдэг. Өнөөх хүч чадлаараа гайхуулаад байсан Станислав барилдааны турш нэг л удаа Зайкины бүснээс хальт атгажээ. Юун далаар нь цэвэр тавих, хазайлгаж ч дөнгөөгүй том амтай нөхөртэй тэнцэж, 500 рубль авчихаад Зайкин мөнхийн инээмсэглэлээ тодруулсаар дэвжээнээс буужээ.

Иван Зайкин 1948 онд 68 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр Оросын олон хотын дээгүүр нисч, агаарт үзүүлбэр үзүүлсэн төдийгүй бөхийн ур чадварынхаа хувьд судлаачдын анхаарлыг эгнэгт татсаар ирсэн юм.  Каменоломная гудамжны даруухан байшинд сүүлийн 12 жилийн амьдралаа өнгөрөөснийг нь хүндэлж тэрхүү байшинд түүний гэр музейг хожим байгуулсан байна. Мөн Каменоломная хэмээх нэрийг өөрчилж Зайкины гудамж гэж нэрлэх болжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE