Энтони Дэвис “Лейкерс”-ийн урамшууллын 4 сая ам.доллараас татгалзснаа тайлбарлав

Энтони Дэвисийг “Лос-Анжелес Лейкерс”-т нэгдэхийг зөвшөөрөхөд клубын удирдлагын зүгээс урамшуулал болгож дөрвөн сая ам.доллар олгох гэжээ. Гэвч Дэвис энэ мөнгөнөөс татгалзаад, шинэ сайн тоглогч авахад зарцуулахыг хүссэн байна. Энэ шийдвэрээ тэрбээр ийнхүү тайлбарлажээ.

“Мөнгө бол үрэгддэг эд. Харин ялалт, баг бол үүрд мөнх түүхэнд үлддэг. NBA-гийн талбайд хэрхэн тоглосон, талбайн гадна хэн байсныг чинь хүмүүс хэзээ ч мартахгүй санаж явах болно. Бидний цалингийн хэмжээг олон нийтэд ил зарладаг болохоор хүн бүр мэднэ. Ер нь тэгээд хэдий хэмжээний мөнгө цуглуулсан, ямархуу цалин авдаг нь чухал биш шүү дээ.

Их мөнгөтэй боллоо гээд Энтони Дэвис агуу сагсанбөмбөгч болчихгүй. Харин талбай дээр болон талбайн гадна хэн байснаар минь л намайг дүгнэх болно. Миний хувьд хэн байх маань мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй юм.

Би NBA-гийн аварга болох зорилготой. Талбайд гарах бүртээ ялалтын төлөө зүтгэдэг. Би цом өргөмөөр байна. Уралдаан тэмцээн гэдэг бол эцсийн эцэст аварга болохын төлөөх л тэмцэл. Ганц үүнийг л би бодож яваа” хэмээн Дэвис өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE