Ангела Меркелийн дахиад чичирсний учрыг тайлбарлав

Германы канцлер, 64 настай Ангела Меркель Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр төрийн дуулал эгшиглэхэд бие нь дагжин чичирч буй бичлэг дэлхий нийтийн анхаарлыг татсан. Нас ахиж, улс орны их ажлын ачааллын даах чадваргүй болж буй талаар нь үүний дараагаар яригдах болсон юм.

Тухайн үед Ангела Меркель “Шингэн дутагдсан юм шиг байна. Гурван стакан ус уусны дараа гайгүй болсон. Одоо би зүгээр ээ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл дараахан нь Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзахдаа мөн гар бие нь чичирч  буйгаа мэдэгдүүлэхгүйн тулд нэг гараараа нөгөө гараа барьж зогссон юм.

Яагаад канцлерийн бие байн байн чичрээд байх болсон талаар цуу яриа, янз бүрийн таамаглал түгэх болсон тул канцлерийн төлөөлөгч тайлбар хийжээ.

“Санаа зовох зүйл байхгүй. Зеленскийгийн дэргэд чичирснээ эргэн санаснаас болж дахин чичирсэн явдал гарсан. Энэ бол цэвэр сэтгэлзүйн асуудал юм” гэж Ангела Меркелийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE