Келлер: Салахаас болоод би одоо эх нутагтаа очиж чадахааргүй боллоо

Египетийн шигшээ багийн тоглогч Амр Варда инстаграмын од, загвар өмсөгч бүсгүй Мерхан Келлер рүү олон нийтийн сүлжээгээр бэлэг эрхтнийхээ зургийг илгээсэн нь хэд хоногийн турш шуугиан тарьсан. Вардаг шигшээ багаас хөөсөн ч Мохамед Салах болон Ахмед Хегази нарын зэрэг египет хөлбөмбөгчдийн хүсэлтээр ердөө хоёр хоногийн дараагаар эргүүлэн багтаа авсан юм. Энэ шийдвэрт Мохамед Салахын үг хүчтэй нөлөө үзүүлсэн гэж хэвлэлүүд дүгнэж байгаа.

“Эмэгтэйчүүдэд их хүндэтгэлтэй хандах ёстой. Тэд үгүй л гэсэн бол үгүй л байх ёстой. Энэ бол хүн бүр бодож, гэгээн ариун байлгах ёстой эрхэм зүйл. Гэхдээ бас хазайсан дээр нь түлхэнэ гэдэг шиг алдаа гаргасан хүнийг шууд энэ нийгмээс хөөн зайлуулж, гишгэх газаргүй болгож болохгүй. Тэдэнд алдаагаа ухамсарлах, засрах боломж өгөх хэрэгтэй. Хоёр дахь боломж гэж байдаг гэдэгт итгүүлэх учиртай” хэмээн Салах өгүүлсэн юм. Хэдийгээр эмэгтэйчүүдийг хүндлэх ёстой гэсэн утгыг тус үгс агуулах боловч төгсгөлдөө Вардаг шигшээд буцаан авах ёстой гэсэн хандлагыг илэрхийлжээ. Тиймээс ч буцаан шигшээд авсан гэж яригдаж байгаа ажээ.

Тэгвэл инстаграмын од бүсгүй Мерхан Келлерийн хувьд тун хэцүү шахалт хавчилтад өртөөд байгаа гэнэ. Тэрбээр Египетдээ буцан очиход ч хэцүү болсноо дурьдаад энэ бүхэнд Мохамед Салахын оролцоо, түүний хэлсэн үг нөлөөлсөн гэж үзэж буйгаа мэдэгджээ.

“Салах бол Египетийн бурхан. Үгүй ээ, би огт хоосон цаасан малгай өмсгөөгүй шүү. Түүнийг эх оронд нь хөлбөмбөгч шиг биш бурхан тэнгэр шиг хүндэлж, шүтдэг. Тиймээс түүнд буруу алхам хийх, хоёр утгатай үг хэлэх эрх байхгүй. Гэвч түүний хэлсэн үг намайг аюулд оруулаад байна. Одоо би эх орондоо ч очихын аргагүй боллоо. Уг нь Египетэд байгаа эцэг эхдээ очихыг хүсч байна.

Одоо эх нутагтаа очвол хүмүүс над руу гудамжинд дайрч давшлах болно гэдгийг би хэлүүлэлтгүй мэдэж байна. Хөлбөмбөгийн фанатууд гэж ямархуу хүмүүс байдгийг та нар мэдэх хойно. Египетийн фанатууд бол бусад улсынхаас 100 дахин дор гэж мэд.

Салах уг нь энэ явдалд ямар ч хамаагүй хэрнээ хошуу дүрсэн нь намайг гайхшруулсан. Тийм ээ, түүнийг хүн чанар нь зулгаасан байх. Варда түүнийг нэг багийнх нь анд. Түүндээ тусалж, дэмжих гэсэн биз. Гэхдээ тэгэх гэсэн юм бол хоёулаа уулзахдаа л аминчлан хэлж болно шүү дээ. Алдаа хийснийг нүүрэн дээр нь хэлээд, цаашид ингэж болохгүй шүү гэж сануулж болно.

Гэвч Салах дэлхий даяар зарлахыг эрмэлзлээ. Түүндээ ч хүрлээ. Одоо ч гэсэн үнэндээ тэр эмэгтэйчүүдийн талд биш Вардагийн л тал байгаа. Энэ л намайг эмзэглүүлж байна.

Салах бол дэлхий дахины танил хүн. Мусульманчуудад асар их нөлөөтэй. Түүний үгийн дараагаар хүмүүс надад маш таагүй хандах болсон. Над руу хичнээн их сүрдүүлэг, доромжлол ирж буйг та бүхэн төсөөлөх ч үгүй. Миний зургийг энд тэнд эвлүүлж, гутаан доромжилж буйг харахаас айдас хүрэм. Ингэж л хэргийн жинхэнэ эзнээс асуудлыг холдуулж, намайг золионд хаяж байна” хэмээн Мерхан Келлер өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE