Жинхэнэ Лолита буюу ахимаг насны эрд хууртаж хүчинд автсан өсвөр насны охины түүх

Владимир Набоковын “Лолита” роман жигшүүртэй, садар самуун юмуу эсвэл хэтэрхий хэрцгий мэт хүмүүст санагддаг байхыг үгүйсгэхийн аргагүй. 1955 онд хэвлэгдсэн энэхүү бүтээл нь ХХ зууны шилдэг 100 романы дөрөвдүгээр бичигдсэн байдаг. Мөн Time сэтгүүлээс гаргасан Шилдэг 100 романы тоонд нэрлэгдсэн билээ.

Владимир Набоков олон зохиол бүтээл туурвисан ч хамгийн хайртай нь “Лолита” гэдгээ хүлээн зөвшөөрсөн удаатай. “Лолита” бол чөтгөр шиг этгээдийн гарт орсон жирийн нэгэн охины гунигт түүх юм. Гэхдээ л би олон номноосоо “Лолита”-д илүү хайртай” гэж хэлсэн билээ.

Набоков зохиолынхоо санааг бодит явдлаас, тодруулбал Салли Хорнер хэмээх охины түүхээс сэдэвлэсэн гэдэг. Зохиолд хамгийн гол нь санаа байдаг. Санаагаа Набоков буулгах гээд хэдэн жил ноцолдсон ч санаанд нь хүрэхгүй байж. Хэдэн ч ноорог урж хаясныг тоолж хэлэхийн аргагүй. Гэвч эцэстээ бичиж дуусгаж чаджээ.

Гэхдээ энэ удаад зохиолын тухай бус харин тэр санааг өгсөн Салли Хорнерийн тухай цухас өгүүлье.

1948 оны хавар. АНУ-ын Нью-Жерси мужийн Кэмдэн хот. Энэ хотын нэгэн дунд сургуулийн хэсэг охид зориг шалгасан адал явдалтай тоглоомоор наадахаар шийджээ. Тоглоомын нэр нь “Үнэн ба үйлдэл”. Тоглоомын дүрмийн дагуу өөрийн айдсыг давсан ямар нэгэн үйлдэл хийх ёстой. 11 настай Салли Хорнер дэлгүүрээс юм хулгайлахаар шийджээ. Дэлгүүрт ороод хамгийн хямдхан буюу ердөө таван центийн тэмдэглэлийн дэвтрийг цүнх рүүгээ яарангуй шургуулчихаж. Ингээд гудамжинд гүйж гараад айдсаа давсандаа баярлах гэтэл хүнд юмаар цохисон мэт том гар мөрөн дээр нь тавьжээ.

“Би Тагнуулын газрын тусгай ажилтан. Залуу хатагтай минь, та баривчлагдлаа даа” гэж тэр хүнд гарын эзэн эр хэлэв. Ингэж л Фрэнк Лассальтай танилцлаа. Өндөр нуруутай, туранхай эр охиныг нэвт шувт ширтэж айлгана. “Хулгайн хэргийнхээ төлөө засан хүмүүжүүлэх газар очиж таарах нь дээ” гэж үгээ лавшруулав.

Аав нь өөд болчихсон, ээж нь хоёр охиноо тэжээхийн тулд юм оёж зардаг айлд Саллигийн төлөө үг хэлэх, өмгөөлөх хүн байсангүй. Салли ч болсон хэрэг явдлын талаар ээждээ хэлэх зүрх зориг хүрсэнгүй. Эгч Сюзан хөл хүндтэй, мөдхөн нөхөрт гарах тул юун Саллитай манатай.

Засан хүмүүжүүлэх газар очихыг хүсдэг охин гэж юу байхав. Үүнийг нь өнөөх тусгай ажилтан мэдэхийн цаагуур мэднэ. Ингээд хэсэг зуур ярилцсны эцэст “хамтран ажиллах” санал тавьжээ. Тэгвэл шийтгэлийг зөөлрүүлнэ гэж. “Нэг өдөр л эх орон чамайг дуудна. Тэгэхэд чи бэлэн байх ёстой шүү. Үгүй бол…” гэж тусгай ажилтан 11 настай охиныг чичрүүлжээ.

Үнэндээ Лассаль юун тусгай ажилтан байх билээ. Дөнгөж жил хагасын өмнө “аавынх”-аас гарч ирсэн механикч мэргэжилтэй этгээд. Суух суухдаа насанд хүрээгүй охидыг хүчиндсэн хэргээр…

Салли айсандаа ямар ч санал тавьсан зөвшөөрөхөд бэлэн байв. Түүнийг гэр рүүгээ явахад өнөөх тусгайгийн ажилтан араас нь сүүдэр шиг дагана. Иймэрхүү дагаж мөшгисөн явдал хэдэн хоног дараалав.

Сар орчмын дараагаар Салли Хорнерийн замыг хөндөлсөн зогсож, “Алтантик Сити рүү тусгай үүрэг гүйцэтгэхээр боллоо. Чи хамт явах ёстой. Тэгвэл хулгайг чинь мартаж болно” гэжээ.  Гэхдээ охиныг олон хоногоор авч явахдаа ар гэрт нь дуулгахгүй бол цагдаа мөшгөөд амар заяа үзүүлэхгүйг тооцон худал хэлүүлжээ.

“Манай ангийн охины гэр бүл намайг уриад байна. Би тэнд хэдэн хоног амарчихаад ирье тэгэх үү?” гэж Салли ээжээсээ гуйсан нь Лассалийн бэлдэж өгсөн үг байлаа. Орой нь Лассаль үүнийг бататгахын тулд гэр рүү нь залгаж, ангийн охиных нь аавын хувиар ярьж, зөвшөөрлийг бататгажээ.

“Санаа зоволтгүй ээ, манайх том байшинтай. Хүсвэл та ч ирж болно шүү” гэх мэтээр чулуу хөөлгөсөн байна. Учир нь мөдхөн эгч нь гэрлэх тул ээжид нь ажил их байгааг тэр андахгүй. Тэгээд ч  ээж нь охиноо зун нэг сайхан амраасай гэж боддог ч мөнгөндөө таталдаад аятайхан амрааж чаддаггүйдээ сэтгэл нь өвддөг байж. Гэтэл гэнэт ийм боломж гарсныг ашиглах ёстой гэж үзжээ.

Саллиг гэрээс нь хэн ч гаргаж өгсөнгүй. Тэр ганцаараа галт тэрэгний вокзал дээр очжээ. Ээж нь түүнийг явахад “Байнга утсаар ярьж, захиа бичиж байгаарай” гэж. Энэ захиасаас хойш хоёр жилийн дараа л охиноо харна гэдгээ төсөөлсөн ч үгүй.

1948 оны зургаадугаар сарын 14-нд Фрэнк Лассаль болон Салли Хорнер нар наран шарлагын газарт аав охины дүрээр очжээ. Ээждээ амласны ёсоор захиа бичиж, хааяа утсаар ярина. Сар хагас ингэж өнгөрлөө.

Тэгж байтал ээжид нь их жигтэй таагүй үгтэй захиа иржээ. “Нөгөө гэр бүлийнхэн Балтимор руу явах боллоо. Би хамт яваад ирье” гэж Салли бичсэн байв. Охиноо санасан ээж санаа зовж, юун хол газар руу явах болсныг бодож эхлэв. Хамгийн гол нь захианы төгсгөл их түгшүүртэй. “Өөр юу ч бичмээргүй байна” гэх өгүүлбэрээр төгсчээ.

Элла Хорнер сая л нэг охинтой нь муу зүйл тохиолдсон байж болох тухай боджээ. Ингээд цагдаад хандлаа. Цагдаа нар охины хэлсэн хаягаар удалгүй очтол тэд явчихаж. Хөрш өрөөнийх нь хүн цагдаа нарт “Аав охин хоёр нэлээн түрүүн явчихсан!” гэж хэлжээ.

Өрөөг шалгахад илт яарч гарсан төлөвтэй. Хоёр чемодан газарт хэвтэнэ, орон дээр эрэгтэй хүний бүрх орхигджээ. Мөн ширээн дээр Саллигийн нэг зураг үлдсэн байв. Савлуур дээр цагаан даашинзтай суугаад муухан мушийж буй төрхтэй зураг.

Цагдаа нар Саллитай явсан эрийг хэн болохыг тогтооход нэг их цаг зарцуулалгүй олж мэдэж чадлаа. Хэн гэдгийг нь мэдчихсэн юм чинь тэрүүхэн даруй л баривчилчих мэт санагдаж байж. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг дахиад жил гаруй хайх ёстой болно.

Салли захиандаа худлаа бичээгүй юм. Балтимор руу явна гэсэн нь үнэн. Балтиморт Фрэнк очоод ажил олж, харин Саллиг ойролцоох католик шашины сургуульд Мадлен Лаплант нэрээр оруулжээ.

Энэ зуур Саллигийн савлуур дээрх зургийг сонинуудад нийтэлж, мужуудаар тараан, эрэн сурвалжлах ажиллагаа эрчимтэй өрнөж байлаа. Төстэй царайтай охин байвал яаралтай Цагдаагийн газарт мэдэгдэхийг сануулна.

Тэгэхэд л Балтиморт Саллиг Фрэнк хүчиндэж эхэлжээ. Харин хөршүүдийн өмнө адайр ааштай, шуналтай эхнэрийнхээ гараас хайртай ганц охиноо хамгаалан гарч явсан сайн эцгийн дүрийг чадамгай бүтээж байлаа.

Цагдаа нар Лассалийг эрж хайгаад олоогүй ч гэсэн насанд хүрээгүй охиныг хулгайлсных нь төлөө 30-35 жилийн ял оноохоор аль хэдийнэ төлөвлөж, энэ талаар сониноор зарлажээ. Түүнийг нь Фрэнк олж уншаад Балтимороос зугтаах хэрэгтэйг ойлгосон байна. Салли гэнэн жаахан охин тул Фрэнкийг тагнуулын нууц ажилтан гэдэгт өдийг хүртэл итгэсээр л байлаа…

Балтимороос дүрвэж, Техаст тэд очлоо. Саллид бол “Шинэ нууц даалгавар ирсэн. Техаст ажиллана” л гэж. Салли ч энэ үед 12 нас хүрчээ. Тэнд очоод дахиад л католик шашины сургуульд оруулж, энэ удаад Флоренс Планетт гэж нэрлэсэн байна. Одоо Лассаль өөрийгөө бэлэвсэн эр гэж ярих болжээ. Ганц охиныхоо ирээдүйн амьдралын төлөө шаналж яваа эрийн дүрийг бүтээж эхэлсэн нь тэр. Хөршүүд нь тэр хоёрыг өрөвдөнө. Салли аавдаа өглөөний цай, оройн хоол хийж өгнө. Түүнийг хараад хөршүүд нь бүр ч их өрөвддөг байв.

Гэхдээ тэдний харилцаанд ямар нэгэн өөр өнцөг байгааг нэгэн хүн анзаарчээ. Энэ бол хөрш бүсгүй Рут Жаначи. Жаначигийн ажигласан зүйл бол Лассаль охиноо өөрөөсөө алхам ч холдуулдаггүй, эрчүүдтэй ярилцаж зогсоо харагдвал нудчиж чирж гэртээ оруулдаг. Нэг тийм дэндүү хартай эр нөхрийн ааш зан харагдаад байж.

Рут үүнийг ажиглаад нэг удаа боломжийг ашиглан Саллигаас асуугаад авч. Гэтэл Салли ихэд цочирдон айж, бүгдийг үгүйсгэж, аав охин гэж хариулсан байна. Удалгүй Жаначигийн гэр бүл Техасаас Калифорнийн зүг хөдөлжээ. Гэхдээ Лассальтай харилцаатай байхаар тохирсон гэнэ.

Калифорнид очоод Рут Лассальд хэлүүлжээ. “Энд аятайхан ажил олдохоор байна. Хүрээд ир” гэж. Лассаль ч бууриа сэлгэж, мөрөө бууруулах цаг тулаад байсан тул зөвшөөрч, очихоор болов.

Калифорнид очоод Лассаль ажилд орсон тул одоо Рутад Саллитай чөлөөтэй ярилцах боломж гарлаа. Рут шахсаар байгаад зарим үнэнийг хэлүүлж чадсан байна. Лассаль бол аав нь биш түүнийг гэрээс нь хулгайлж яваа хүн гэдгийг хэлсэн ч хүчиндсэн тухай үг хэлэлгүй өнгөрчээ.

1950 оны гуравдугаар сарын сүүлч. Салли Лассалийн гарт орсноос хойш хоёр жил орчим өнгөрөв. Рут өөрөө мөнгө муутай ч гэсэн Саллиг гэр рүү нь яриулахаар болжээ. Сандарсан Салли ээж рүүгээ залгатал утсаа авдаггүй. Гэтэл Лассаль яг ирэх цаг нь болчихоод байдаг. Эцсийн найдлага гээд эгч рүүгээ залгав. Харилцуурыг эгчийнх нь нөхөр авчээ…

Удалгүй цагдаа нар Саллигийн байгаа газар ирж, Фрэнкийг баривчлан авч явлаа. Тагнуулын газрын нууц ажилтан Митчелл Коэн охиныг гэр рүү нь хүргэх үүрэг даалгавартайгаар иржээ. Гэхдээ энэ удаад тэр жинхэнэ тагнуулын ажилтан байсан юм.

Лассалийг баривчлахад огт эсэргүүцэл үзүүлээгүй гэдэг. Эхэндээ гэм буруугүй гэж нэг мэлзэх гэсэн ч нэмэргүйг ойлгоод төдөлгүй хэргээ хүлээжээ. Үүнийхээ төлөө тэр 35 жилийн ял сонссон юм.

Салли тагнуулын ажилтан Коэний хамтаар гэр рүүгээ явахаар боллоо. Нисэх онгоцны буудлын танхимд сэтгүүлчид ирчихсэн хүлээж байв. Салли айчихсан царайтайгаар ээжтэйгээ уулзах мөчийг хүртэл гэрэл зурагчинд буулгасан байдаг.

Лассалийн хэргийн хавтаст Саллигийн хэлсэн зарим үг зүрх хөндөхгүй байхын аргагүй. “Би ээж, эгч хоёрыгоо хорлочихвий, муу юм хийлгэчихвий гэж айж байсан юм. Мөн намайг тэд маань хараад бузар амьтан гэхвий гэж бодохоор хэцүү байсан” гэж Салли мэдүүлэгтээ дурьджээ…

Харин ээж Элла Хорнер “Тэр юу ч хийсэн байлаа гэсэн би өршөөнө” гэсэн нь хэвлэлүүдээр нэг таржээ. 11 настайдаа гэрээсээ гарсан охин нь хоёр жилийн дараа гэмт хэрэгтний гараас мултран гэртээ ирэхэд ээж нь ингэж хэлсэн болохоор цаашдаа сургуулийн хамт олон, ойр тойрныхон нь Саллиг сайн биш саар охин гэж харах болсонд гайхах зүйлгүй биз.

13 настай охиныг “Тэр өөрөө буруутай” гэх мэт яриа бол зүгээр л жирийн үзэгдэл. Сэтгүүлчид ч үйл явдлын үргэлжлэлийг хайн дэргэдээс нь салахгүй. Салли ч өөрийг нь танихгүй газар очиж, охидтой биш залуустай ярилцах дуртай байлаа.

Набоковын зохиолд Лолита 17 настайдаа төрөхийн хүндрэлээр нас барж, бяцхан үр нь амьгүй төрдөг. Тэгвэл жинхэнэ Лолита буюу Салли үүнээс ч богино настай. Тэр 15 настайдаа нэг залуутай хамтдаа машинаар зугаалж яваад авто осолд орж нас барсан юм. Залуу амьд, харин Салли амьсгал хураажээ.

Набоковын зохиолд Лолита Гумбертэд хандан “Чи миний амьдралыг л сүйтгэсэн төдий. Харин тэр миний зүрх сэтгэлийг булшилсан юм” гэж хэлсэн байдаг…

News1.mn Р.Гэгээ

SHARE