Гвардиола: “Барселона”,”Реал Мадрид” Супер лигт орчихвол Ла лигийг хэн үзэх юм?

Европын том багууд нэгдэн Супер лиг байгуулах тухай сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байгаа. Зарим багууд энэ лигийг дэмжиж буй бол зарим нь эрс эсэргүүцэж байгаа гэдэг. Тэгвэл Пеп Гвардиола каталан үндэстний хувиар “Барселона” тэр лиг рүү орчих юм бол Каталонд “Эспаньол”-тай хэн өрсөлдөх, цаашлаад Ла лигийг сонирхож үзэх эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгдсэн байна.

“Энэ санааг би огт дэмжихгүй. Эрс няцаана. Ер нь үүнийг сайн сайхан санаа гэж хэн хэлээд байгаа юм бэ? Хэрвээ ийм лиг бий болчихвол улсуудын лиг унтарч, мөхнө.

Испанийн Ла лигээс “Барселона” болон “Реал Мадрид” гарчихлаа гэж төсөөлье. Тэгвэл “Эспаньол”-той ямар баг тоглох юм, Ла лигийг хэн үзэх юм бэ? Испанийн лиг тэгээд л шууд мөхнө.

Англичууд харин их ухаалаг. Тэнд бүр дөрөвдүгээр дивизионы багийг хүртэл фанатууд нь стадион дүүрэн үздэг. Тэгэхээр тэд бол лигээ мөхөөж устгуулахгүй гэдгээ мэднэ.

Аваргуудын лигийн нэр хүндтэй, амжилтын нэг гол хүчин  зүйл бол долоо хоногийн ням гариг бүр тоглоод байдаггүй нь. Хэрвээ долоо хоног бүр тоглодог бол тэр содон сонин байдлаа алдчихна.

Каталонаар жишээлж хэлэхэд, “Барселона”-“Эспаньол”-ын тоглолт Барселон хотод маш их хэрэгтэй байдаг шүү дээ. Ла лигт Каталоны аль болох олон баг багтаасай гэсэн хүсэл ч байдаг.

Хэрвээ бид дотоодын лигүүдээ устгачихвал, Европын дэвжээнээ өрсөлдөх боломжгүй багуудын тоглолтыг хэн ч үзэхгүй” хэмээн Гвардиола өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE