Казах бүсгүйг доромжилсон зургийн улмаас гадаад ажилчдыг зодож хөөжээ

 

Казахстаны Тенгиз дэх нефть олборлолтын компанийн ажилтнууд нэгэн бүсгүйн зургаас болж ихэд бухимдан эсэргүүцэл зарлаж, үйдвэрийн гадаад ажилтнуудыг зодож, эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Тус компанитай хамтран ажилладаг Consolidated Contracting Engineering & Procurement S.A.L. Offshore (CСЕР) ложистикийн компанийн ерөнхий зохион байгуулагч, Ливи улсын иргэн Эли Дауд нэгэн казах ажилтан бүсгүйн хамт богино долгионы станц барьж буй зургаа Whatsapp-аар бусадтай хуваалцснаас асуудал эхэлжээ.

Тэр зургийг хэн нэгэн инстаграмд оруулсныг тухайн үйлдвэрийн ажилтнууд харж, нутгийнх нь бүсгүйг элэглэж, доромжиллоо хэмээн үзэж, гадаад ажилчдыг зодож, 1000 гаруй ажилчин ажил хаялт зарласан байна. Казахстаны ажилчин эрчүүд үйлдвэрээс гадаадын ажилчдыг хөөж, тэдний автобус руу чулуу шидэн, цонхыг нь хагалж явуулжээ.


Удалгүй хэргийн эзэн Эли Дауд олон нийтийн сүлжээгээр уучлалт гуйсан байна. “Сайн байцгаана уу, эрхэм акимат, Ерөнхийлөгч, найз казахстанчууд минь ээ. Би хоёр шалтгааны улмаас та бүхнээс уучлалт гуйж энэ бичлэгийг хийж байна. Нэгд, би ямар ч муу муухай санаа агуулалгүйгээр хамтран ажилладаг эмэгтэйтэйгээ тэр зургийг авахуулсныхаа төлөө уучлалт гуйж байна. Зүгээр л миний хамт ажилладаг хүн байгаа юм.

Хоёрт, Казахстаны ард түмнээс уучлалт гуйя. Би та бүхний дунд хоёр жил ажилласан. Казахстанд ажиллах таатай сайхан байдаг. Би хэнийг ч гомдоож, доромжлох гээгүй юм шүү. Та бүхэн бол сайн хүмүүс. Уучлалт гуйж буйг минь хүлээн авна гэж найдья” хэмээн Эли Дауд өгүүлжээ.

Тенгизэд болсон энэхүү эмх замбараагүй байдлыг хүчний байгууллагынхны оролцоотойгоор намжаагаад байгаа гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE