Япон Мессиг Мадрид руу хүндэтгэлтэйгээр үдлээ

18 настай япон хөвгүүн Такефуса Күбо нийслэлийнхээ “Токио” багаас Испанийн “Реал Мадрид”-ыг зорилоо.

Хэдэн жилийн өмнө тэрбээр Испанийн “Барселона”-гийн академид суралцаж байсан билээ. Түүнийг хууль бусаар эгнээндээ элсүүлснийхээ төлөө “Барселона” шинэ тоглогч авах эрхээ хасуулсан ч түүхтэй. Гэвч Каталоны баг Күбог буцаан авахаар санал тавьсан ч цалин хөлсний тал дээр тохиролцоогүй тул “Реал Мадрид”-д боломж гарсан юм.

Бразилд болж буй Америкийн цомын тэмцээнд Күбо Японы шигшээ багтан очиж, талбайд гарсан. Тэгвэл Күбог өчигдөр “Токио” багийнхан болон фанатууд нь хүндэтгэлтэйгээр үдлээ. “Ёкохама”-г 4:2-оор хожсны дараагаар Күбо багийнхантайгаа зураг авахуулж, багийнхан нь түүнийг өргөн шидэж амжилт хүсэв.

Тэрбээр Японы Жей лигт энэ улиралд 13 тоглолтод гарахдаа дөрвөн гоол оруулсны зэрэгцээ “Токио” лигээ тэргүүлж явна. Намхавтар нуруутай, хууралт хөдөлгөөнөөс нь болоод түүнийг 15 настайгаас нь хойш Япон Месси хэээн нэрлэх болсон билээ.

Одоо Күбо “Реал Мадрид”-ын залуучуудын багт очиж, домогт Рауль Гонсалесийн удирдлага дор ажиллах болно.

News1.mn Р.Гэгээ

SHARE