Эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийг тойрсон асуудал юу болов?

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар энэ сарын 26-ны өдөр 26 шүүгчийн эрхийг түдгэлзүүлснээс хойш өрнөсөн үйл явдлыг тоймлоё.

17 шүүгчийн дунд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгуулж байсан 3 шүүгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-ны өдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг үндэслэн гаргасан гэж байгаа юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалтад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан” гэсэн байгааг тодотгох ёстой. Өөрөөр хэлбэл, нэр бүхий шүүгчдийг эрхийг нь түдгэлзүүлэх эрх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр УИХ-аар батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээгдсэн юм. Нэг үгээр тус хуулиар ҮАБЗ-өөр шүүгчдийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах эхний үйлчлэл Ерөнхийлөгчийн зарлиг байв. Ингээд ямар 17 шүүгчийг эрхийг түдгэлзүүлснийг нэрлэе.

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” нар байгаа юм.

Эдгээр шүүгч нарын дунд 2019 оны 02 дугаар сард АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий 6 шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн эрүүгийн хэрэг нээсэн юм. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарыг нэрлэж байв. Тэгвэл эрхийг нь түдгэлзүүлсэн дээрх 17 шүүгчийн дунд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгуулж эхэлсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарын нэрс орсон нь анхаарал татна.

Г.Занданшатар: Түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол тагнаж баривчилж чадахгүй, бүх юм нь хаалттай байсан

Тэгвэл энэ үйл явцтай зэрэгцэн дээрх шүүгчдийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулсныг албаныхан, тэр дундаа УИХ-ын даргын зүгээс мэдэгдсэн юм. Тэрээр “17 шүүгчийг түдгэлзүүлж байгаа. Түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол сонсч чадахгүй, тагнаж чадахгүй, баривчилж чадахгүй, бүх юм нь хаалттай. Шүүгч шүүгчээ хорих шийдвэр гаргах уу. Салхитын хэргээр найман шүүгч авлига авсан хэрэг нь аль дээр яригдаж, видео утасны яриа нь байдаг. Гэхдээ тэднийг өөрсдийг нь тагнаж байхад биш. Өөр хүнийг хууль бус зүйл хийгээд байхад нь хяналтад авсан. Тэртэй тэргүй тэр хүн өөрөө ирээд мөнгө төгрөг өгч авалцаад байхаар бичлэгт орчихно биз дээ. Шүүгчийг хянаагүй, өөр хүнийг хянаж байсан. Нийтдээ 17 шүүгчийн хэрэг ил гарч байна. ҮАБЗ хэтэрхий эрхтэй болчихлоо гэдэг. Яг үнэндээ бусад улсад байдаг жишиг Жон Локкын Үндсэн хуулийн эрх зүйн онолд ч бий. АНУ, Европын олон улсын жишигтч бий. Шүүх авлигад идэгдэж, олон түмний итгэл алдраад ирэхээр иймэрхүү арга хэмжээ авсан. Шүүх эрх мэдэл хяналтгүй, хараат бус байдал нь алдагдаж хэн нэгнээс хараат болсон байна” гэв.

17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн ҮАБЗ нь ШЕЗ-ийн 2019.06.26-ны өдрийн саналыг үндэслэсэн гэсэн байгаа юм. Энэ дагуу ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар дараах тайлбарыг өгөв.

О.Амгаланбаатар: ҮАБЗ-өөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэсэн гэж зарлигтаа бичсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөл чухам ямар санал гаргасан юм бэ?

-УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 06 дугаар 26-ны өдөр хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гарган Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, уг зөвлөмжийн дагуу дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, тогтоол гарган  хүргүүлсэн.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан талаар хариулт өгөөч?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг хаалттай горимоор явуулсан. Иймд зөвлөлийн хуралдаан дээр яригдсан асуудал болон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар мэдээлэх хуулийн боломж байхгүй байна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хүчинтэй юү?

-Одоогоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлсөн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байгаа.

-Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнөө өглөө зарлагдсан хурлуудыг цуцалжээ. Бүрэлдэхүүн хүрэхгүй байгаа учраас шүүхийн үйл ажиллагаа тасалдахад хүрлээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо эрүү, иргэн, захиргааны шүүгч гэж томилдоггүй. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр үлдсэн шүүгчдийг танхимуудад хуваарилан хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах боломж байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулах нь зүйтэй байх. Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн тухайд бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шүүгчдэд хуваарилагдсан байсан хэргүүдийг шүүгчдийн зөвлөгөөнөөр бусад шүүгчдэд хуваарилах ажиллагаа хийгдээд явж байна. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явах бололцоотой гэж үзэж байна гэлээ.

АТГ-аас гурван шүүгчийг ажлын байран дээрээс мэдүүлэг авахаар авч явжээ

Тэгвэл өчигдөр үдээс өмнө ажлын цагийн үеэр АТГ-аас нэр бүхий гурван шүүгчийг ажлын байран дээрээс мэдүүлэг авахаар авч явжээ. Тэдний дунд Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр нарын нэрс дуулдаж байгаа юм. АТГ болон НПГ-аас мэдээлэл өгөхөөс  татгалзаж буй ч уг хэргийн талаар үгүйсгэхгүй байгаа юм. Түүнчлэн Улсын дээд шүүхийн зүгээс ч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Мөн шүүгчдийг цагдан хорих талаар дүүргийн холбогдох шүүхүүдэд ямар нэгэн санал ирээгүй байгааг шүүхийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Ч.Хосбаяр, М.Батсуурь, Ц.Зориг нарын 8 шүүгчийг эрхийг нь түдгэлзүүлэх ёстой гэв

Тэгвэл уг хэрэг явдалтай холбогдуулан УИХ-ын Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын таван гишүүн дахин нэр бүхий шүүгчдийн эрхийг түдгэлзүүлэх ёстой хэмээн өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Тодруулбал,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,

Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр ирэх долоо хоногт Улсын Дээд Шүүхийн гадна жагсаал хийж нэр бүхий найман шүүгчийг огцрохыг шаардсан эсэргүүцлийг зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE