Э.Бямбажав: Улсын баярын өдөр Ю.Цэдэнбал дарга ажлын өрөөндөө ганцаар хэдэн арван ном дэлгэчихсэн сууж билээ

 “News1.mn” цахим мэдээллийн сайтын редакциас “Сайдын цаг” буланг нээж байгааг дуулгасан билээ. Бид салбар бүрийг өмнө нь удирдан чиглүүлж байсан сайд нар тухайн үед хэрхэн ажиллаж байсан, эдүгээ салбараа хэрхэн хардаг, алдаа оноог засч залруулах ямар гарц байж болох үнэтэй үг, сургамжуудыг нь олон нийт, уншигчдад хүргэх зорилготой. “Сайдын цаг” булангийн анхны шанг татаж, Сангийн сайд асан Э.Бямбажавтай ярилцсан ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. Сангийн яам бол Монгол Улсад хамгийн анх үүсч байгуулагдсан таван яамны нэг. Э.Бямбажав гуай Монгол Улсыг 44 жил удирдсан маршал Ю.Цэдэнбалын жинхэнэ удирдлага дор ажиллаж байсан цөөхөн хүмүүсийн нэг юм.

Түрүүч нь http://news1.mn/?p=39906, http://news1.mn/?p=40108

-Тэр их өр гэвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайн тэглэсэн өр мөн үү?

-Мөн мөн. Тэгж л шийдэж байсан. Төлөвлөгөөний комисс манай яам хоёр жилийн төлөвлөгөө, төсөв гээд л их зузаан ном хүмүүст тараана. Улс төрийн товчоо хуралдахад бүх салбар хариуцсан хүмүүс яриад л байна. Ю.Цэдэнбал дарга сонсоод суугаад л байна. Сонсох зуураа маш нарийн тэмдэглэж авна. Сонсож дууссаны дараа хоёр, гуравхан асуудал тавина. Түүний 70-80 хувьд бид “За дарга аа, үүнийг бид дутуу боджээ. Дахиж тооцож боловсруулаад танилцуулъя” гэдэг. Төлөвлөгөөний комисс, манай хоёрын хариу ийм л чигтэй байсан. Дарга бол Монголыг мэднэ гэж нөхцөлгүй. Шийдэх ёстой асуудлыг яаж гаргаж ирж чаддагийг гайхмаар. 44 жил удирдчихаар аргагүй байх. Үнэхээр мундаг толгойтой хүн байлаа. Халх голын дайнд оролцож байсан оросуудыг бүгдийг нь нэрээр нь овогтой нь хэлнэ. Ялангуяа цэргийн генералуудыг бүгдийг нь цээжнээсээ хэлнэ.

-Тийм удирдагч дахиж төрөх болов уу?

-Төрөх л байх. Тэгж байж Монголыг аварна шүү дээ. Би нэг удаа Улсын баяраар Ерөнхийлөгч асан Очирбат, Уул уурхайн сайд асан Хурц бид гурав манайд хөзөр тоглож, 100 гр татаад сууж байтал гэнэт даргын туслах өдрийн хоолны үед дууддаг байхгүй юу. Очирбат, Хурц хоёр надад бохь ч зажлуулаад, тамхи ч соруулаад сүйд болж байгаад явууллаа. Даргын өрөөнд яваад ортол нэг их том өрөөнд ганцаараа, бүх ширээн дээр ном тавиатай, ихэнх нь дэлгээтэй. Улаан цэнхэр хоёроор тэмдэглэчихсэн харагдана. Би бодож байсан юм. Хүүхдүүд нь ч байдаггүй, авгай нь ч байдаггүй. Гадаад авгайтай болохоор л баярын өдөр ийм л байдаг байх нь гэж. Надаас их сүртэй зүйл асуусангүй. Хийж байсан ажилд нь ганц хоёр тоон мэдээ хэрэгтэй байсан юм билээ. Тэгсэн хэлж байна. “Би чинь 40 жил баяраа ингэж тэмдэглэж байгаа хүн шүү дээ” гэж. Баяр болж ядаж хүүхдүүд нь орж ирээд суугаад цай тавьчихсан баймаар юм. Байдаггүй. Тэгэхэд би өрөвдсөн юм. Гараад явж байхдаа “Дурак, нэг шил юм хармаалж ирдэг байж” гэж бодож билээ.

-Ю.Цэдэнбал дарга уурлахгүй юу?

-Уурлахгүй байх. Баярын өдөр юм чинь. Шил юм хармаалж ордог хүн чинь Ширэндэв гуай л байсан. Дарга чинь уугаад амархан согтдоггүй. Миний санаж байгаагаар Засгийн газрын ёолконд орно. Гадаадын яамны ёолконд очдог байсан. Дарга ирчихээд 100 гр хийхэд нэг рүнкийг л дарга ууна. Дахиад хийхээр хамгаалалтын албаны хүн ирээд түүнийг нь авчихаад ус хийж ирээд өмнө нь тавьчихна. Тэр хүн ч өөрийгөө захирдаг байсан байх. Нөгөө талаас Дотоод явдлын яамныхан хамгаалагч хариуцлагатай байсан байх. Мэдээж орос авгай цаанаас нь үглэдэг байсан байх л даа. Ингээд бодоход Монгол Улсыг сайн удирдлага авч явна. УИХ зөв явж байж л засна.

-Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл ямар байгаа талаар асуултдаа эргээд орох уу?

-Гэхдээ Монголын эдийн засаг сайжирна. Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг харахад бол Монгол сэхэж байна. Яагаад гэвэл үйлдвэрлэл сайн явж байна, ялангуяа аж үйлдвэрийн талд. Хөдөө аж ахуйд  жижиг дунд үйлдвэрийн нэрээр хөдөө аж ахуйн боловсруулалт хурдтай явж байна. Дээр нь мэдээж хэрэг уул уурхай сонирхол татаж орж ирж байна. Одоо нүүрс нэлээн хаагдаж байна. Гэхдээ дөч, тавин он хүртэл нүүрс байна. Хятад дэлхий дээр нэгт нүүрсийг импортолж байна. Одоо хоёр, гурван жилийн дараа Энэтхэг хамгийн их нүүрс хэрэглэгч болно. Энэтхэгийн ерөнхий сайд тэрбум 200 сая хүнээ эчим хүчээр хангана гэсэн. Эрчим хүчний тийм боломж бол одоо Энэтхэгт байхгүй. Тэд нүүрсний станцууд барьж байж л хангана. Тэгэхээр Монгол нүүрсээ Хятадад өгдөгөө өгөөд Энэтхэг рүү өгөх бодлогоо эхлэх ёстой. Нэгдүгээр гарц бол ийм байна. Хоёрдугаар гарц бол манайд зэсийн үйлдвэр хоёр, гурав байна.

Манайх дэлхийд зэсийн арван хэдэн хувийг гаргадаг орон. Цаана нь хориод нөөц байна. Гэхдээ дэлхий дахинд жилд 20 сая тонн зэс хэрэглэдэг. Одоогийн үйлдвэрүүдэд 22 сая байна. 2020 он гэхэд дэлхий нийтэд зэсийн хэрэгцээ 23 сая болж байгаа. Гэтэл үйлдвэрлэл 2023 оноос 12 саяя болно. Томоохон зэсийн орнууд Мексик гэх мэт орнуудын уурхай хаагдаж  нөөц нь дуусч байна. Тэгэхээр бид зэсийн баяжмалаар сайхан амьдрах боломж байна. Гурав дахь боломж бол сэргээгдэх эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүч манай нарны нөөц, салхины нөөц бол Хятадын өнөөгийн хэрэглээ. Хятадын бүх хэрэглээг хангаж чадах нөөц манайд байгаа. Тэрний дээр Японд эрчим хүчний дутагдал орж эхэлнэ. Мөн хойд Хятад 2022 оноос эрчим хүчний хомсдолд орно. Тэгэхээр бид сэргээгдэх эрчим хүчээ салхи, нар хоёроор хангах боломж байна. Тэгэхэд ДНБ зөвхөн салхиныхыг ашиглахад л 20 хувиар нэмэгдэхээр байгаа юм. Ингээд толгойгоо ажиллуулж чадвал Монголд хөгжих боломж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE