Квентин Тарантино: Миний кино хайрцаг дээрээ хугацаа нь бичээстэй сүү биш…

Кино урлагийн постмодернизмын хурц тод төлөөлөгч гэгддэг эдүгээ 56 настай Квентин Тарантино өнгөрсөн хавар Каннын кино наадамд өөрийн найруулсан ес дэх бүтээл болох Once Upon a Time in Hollywood-аа авч очиход үзэгчид зургаан минутын турш босч алга ташин баяр хүргэж, хүндэтгэлээ илэрхийлсэн юм. Энэ кинонд Брэд Питт, Леонардо Ди Каприо нар хамтдаа тоглосон билээ.

Тарантино кино урлагийн томоохон шагналуудад тооцогддог “Оскар”, “Алтан бөмбөрцөг” болон BAFTA-г гардсан, кино урлагийг шашин шүтлэгээ хэмээн зарласан уран бүтээлч. Түүний киног шүүмжлэх, сайшаах зэрэгцэн эргэлддэг. “Шүүмжлэгчид яахав ирж л байдаг явж л байдаг. Харин кино бүтээл мөнхөд үлддэг” гэж хэлсэн үг нь монголчилбол Жингэр хуцаж л байдаг Жингийн цуваа хөвөрч л байдаг гэдэгтэй агаар нэгэн ажээ.

15 настайдаа сургуулиа хаячихсан болохоор дээд боловсрол эзэмшээгүй. “Сургууль их ядаргаатай, залхуу хүрмээр газар. Би жүжигчин болохыг хүссэн болохоос сурахыг хүсээгүй. Хичээл номд анхаарлаа төвлөрүүлж ч чаддаггүй байлаа. Хүүхдүүдийн хөнгөхөн хурдан сурчихаж буй зүйлсийг сурах гэж би үйл тамаа цайна. Математикт дэндүү муу. Ер нь би дугуй ч унаж чаддаггүй байлаа. Усанд ч сэлж бас чадахгүй. Бод доо, зургаадугаар ангид ортлоо цаг ч хэд болж байгааг сайн мэддэггүй байсан юм” гэж дурсан ярьжээ.

16 настайгаасаа Тарантино томчуудын гэгдэх Pussycat кинотеатрт тасалбар түгээгчээр ажиллах болжээ. Хэдэн жилийн дараагаар видеопрокатладаг дэлгүүрт ажилд орсон байна. Ер нь түүний амьдрал үргэлж кино урлагтай ямар нэгэн сэжмээр холбоотой байсаар ирсний жишээ энэ.

1987 онд анхны богино хэмжээний инээдмийн киногоо 5000 ам.долларын төсвөөр бүтээжээ. Харин Golden Girls телевизийн шоуны гуравдугаар улиралд Элвис Преслигийн ихрийн талаархи кинонд анхны дүрээ бүтээсэн байна.

Харин одоо бол Тарантино жүжигчин, найруулагч, зураглаач, продюсер, кино зохиолчийн мэргэжлийг бүгдэд нь базаж нэгтгэсэн нэгэн болсон. Тэр кино бүтээлээ бүр эхнээс нь өөрөө удирдан чиглүүлж, дуусгадаг. “Би жүжигчин хүний зовлон, сэтгэлзүйг мэдэх болохоор найруулагчийн тэдэнтэй хэрхэн харилцах ёстойгоо мэддэг. Энэ нь миний давуу тал болно гэдгийг ч эртнээс мэдэж байсан” гэж тэр өгүүлжээ.

Анхны бүрэн хэмжээний кино нь 1991 онд дэлгэцнээ гарсан даруйдаа дуулиан тарьсан билээ. Reservoir Dogs-ийг хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод хэдэн найз жүжигчдийнхээ хамтаар хямдхан бүтээхээр зэхэж байж. Гэтэл кино зохиолыг жүжигчин Харви Кейтел уншиж үзмэгцээ ихэд сонирхож, санхүүжүүлэхээр болжээ. Гэлээ ч кинонд санхүү дутагдсан гэдэг. Ямартаа л жүжигчид өөрсдийнхөө хувцастайгаар тус кинонд тоглосон байхав.

Тарантиногийн нэг чанар бол киногоор далд реклам явуулахыг эсэргүүцдэг. Тиймдээ ч киноны дүрүүд нь Red Apple хэмээх зохиомол тамхи татах юмуу эсвэл Big Kahuna Burger гэх огт байдаггүй Хавайн түргэн хоолны ресторанаар үйлчлүүлж буйгаар гардаг.

1994 оны хавар түүний бүтээл Pulp Fiction Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал мод”-ыг хүртсэн юм. Тус бүтээл Каннын дэлгэцнээ гарснаар кино наадмын кинонууд гэх ойлголтод эрс өөрчлөлт хийсэн гэгддэг.

“Үзэгчид ийм зүйл үзэхэд бэлэн гэж өмнө нь хэн ч тааж, таамаглаж байсангүй. Сунжирсан гэмээр урт хэрнээ ойлгоход бэрх гэмээр үйл явдалтай, тэгсэн хэрнээ ухаалаг, бодит үйл явдлуудаар дүүрэн энэ кино үзэгчдийг таамаглашгүй өрнөлөөр хөтөлсөөр суудалд нь шигдүүлж байлаа” хэмээн Небраскагийн дээд сургуулийн кино урлагийн шүүмжлэгч Уилер Уинстон Диксон дүгнэжээ.

Тарантино нийгмийн хөндүүр сэдвүүдийг бэргэлгүй барьж авч, хөндөж оролддог нэгэн. Django Unchained нь АНУ-д хар арьстнуудыг хэрхэн боолчилж байсан тухай хөндүүр эмзэг сэдвийг зоригтой “ноолсон”  юм. Мөн тус киноны хараалын үгийг тоолоход 110-д хүрсэн тул жүжигчид хүртэл эмээж халгасан гэдэг. Леонардо Ди Каприо “Квентин, энэ арай хэтэрхий их хараал урсгаад байгаа юм бишүү” гэж хэлсэн эргэлзэн тээнэгэлзэж асууж байжээ.

Тарантинод шүүмжлэл нөлөөгүй шахам. “Миний кино хайрцаг дээрээ хугацаа нь бичээстэй сүү биш. 20, 30 жилийн дараа ч үзэж болно. Магадгүй 100 жилийн дараа ч хүмүүс үзнэ гэж найдья. Шүүмжлэгчид бол яахав дээ, ирж л байдаг, явж л байдаг. Харин кино бүтээл мөнхөд үлдэнэ” хэмээн тэр өгүүлжээ.

Тарантино жүжигчдийн бүрэлдэхүүнээр “зоддог” гэхэд хилсдэхгүй. Ума Турман, Жон Траволта, Брюс Уиллис, Леонардо Ди Каприо, Брэд Питт, Тим Рот, Харви Кейтел гээд бүтээлд нь шилдгүүд тоглодог, тоглохыг хүсдэг.

Хэдийгээр кино урлаг эрчимтэй хөгжиж, шинэ дэвшилтэт технологиор баяжсаар байгаа ч Тарантино одоо хүртэл хальсны кинондоо үнэнч хэвээр яваа. “Хоёр хэмжээстэй хальсан дээр зураг авалтаа хийж буй сүүлчийн найруулагчдын нэг нь би. Миний хувьд хальс маш үнэ цэнэтэй. Лос-Анжелест бүр New Beverly гээд кинотеатр худалдаад авчихсан. Амьд сэрүүн мөн баян байх цагтаа би 35 мм-ийн хальсаа эргүүлсээр байх болно” хэмээн тэрбээр өчсөн юм.

Тарантино 55 настай хүртлээ гэрлээгүй байж байгаад Израилийн дуучин Даниелэ Пикт зүрх сэтгэл нь бууж өгөн, эхнэр нөхөр болсон билээ.  “Зургаан сарын өмнө би гэрлэсэн. Өмнө нь гэрлэж байсангүй. Яагаад гэрлэхгүй яваад байснаа одоо л ойлгож байна. Би төгс эмэгтэйг хайсаар байж” хэмээн Каннын кино наадмын үеэр хэлсэн байдаг.

“Кино бол миний хувьд шашин шүтлэг маань. Үүний төлөө амиа ч өгөхөд бэлэн. Би анхнаасаа 10 кино бүтээе гэж боддог байсан. Тэгэхээр дахиад хоёрыг хийх ёстой гэсэн үг. Хэдийгээр намайг есөн кино хийсэн гэдэг ч Kill Bill-ийн хоёр ангийг би нэг л кино гэж боддог юм.

75 насалдаг юм бол тухайн үед дахиад нэгийг нэмж хийхийг хүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр цагт хүмүүс хэлэх байх л даа. “Квентин зөнөчихөөд ахмадын асрамжийн газрын хөршүүдийгээ баярлуулахын тулд ийм юм хийжээ” гэж. Тэгээд миний тэр муу киног эхний 10-тай нь дүйцүүлж, нэгтгэж тоолохгүй биз дээ” хэмээн Тарантино мушилзан өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

 

SHARE