Трамп эмэгтэйчүүдийн шигшээ багийнхаа ахлагчтай сөргөлдөв

Энэ өдрүүдэд Франц улсад хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн үргэлжилж байгаа билээ. Шөвгийн 16-нд Америкийн шигшээ багийнхан Испанийг 2:1-ээр хожсны дараагаар тус тоглолтод пенальтиас хоёр гоол оруулсан Меган Рапино Цагаан ордонд уригдвал очих эсэх тухай асуултад нэлээн ширүүн хариулт өгчээ.

“Би тэр новшийн Цагаан ордонд очихгүй. Би тэнд яасан ч очихгүй. Тэгээд ч биднийг тэртэй тэргүй урихгүй биз. Урина гэдэгт итгэхгүй байна” хэмээн Меган Рапино мэдэгдсэн юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд чамгүй урт хариулт яарангуй өгчээ.

“NBA-гийнхнээс гадна бусад багууд Цагаан ордонд зочлох дуртай байдаг. Би хувьдаа АНУ-ын шигшээ болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн том фанат. Гэвч Меган эхлээд дэлхийн аварга болчихоод дараа нь энэ мэт үгсээ хэлэх хэрэгтэй! Бид Меган болон түүний багийнхныг өмнө нь урьж байгаагүй ээ. Харин одоо тэмцээнээ хэрхэн өндөрлүүлэхээс үл шалтгаалан урих болно.

Эх орон, Цагаан ордон, төрийн далбаандаа Меган хэзээ ч хүндэтгэлгүй хандаж болохгүй. Ялангуяа түүний төлөө болон түүний багийн төлөө улс эх орон нь юу хийснийг бодолцвол шүү дээ. Төрийн далбаагаараа бахархаж, түүний төлөө тэмц. Харин АНУ өөрийн үүрэг хариуцлагаа сайн биелүүлж байгаа шүү!” гэж Дональд Трамп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE