Э.Бямбажав: Ю.Цэдэнбал дарга “Их өрийг Оросын ард түмэн Монголын малчдаар төлүүлэхгүй” гэсэн нь ёсоор болсон

News1.mn” цахим мэдээллийн сайтын редакциас “Сайдын цаг” буланг нээж байна. Бид салбар бүрийг өмнө нь удирдан чиглүүлж байсан сайд нар тухайн үед хэрхэн ажиллаж байсан, эдүгээ салбараа хэрхэн хардаг, алдаа оноог засч залруулах ямар гарц байж болох үнэтэй үг, сургамжуудыг нь олон нийт, уншигчдад хүргэх зорилготой. “Сайдын цаг” булангийн анхны шанг татаж,  Сангийн сайд асан Э.Бямбажавтай ярилцсан ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. Сангийн яам бол Монгол Улсад хамгийн анх үүсч байгуулагдсан таван яамны нэг. Э.Бямбажав гуай Монгол Улсыг 44 жил удирдсан маршал Ю.Цэдэнбалын жинхэнэ удирдлага дор ажиллаж байсан цөөхөн хүмүүсийн нэг юм.

Түрүүч нь http://news1.mn/?p=39906

-Сайд хүн ямар байх тухай яриагаа үргэлжлүүлэх үү?

-Сайд хүн бол гадаад харилцаан дээрээ илүү их мэдлэгтэй байх ёстой. Дотроо алдаж гэж бодъё. Тэгвэл засаад нөхөөд явж болно. Харин гадагшаа алдаж болдоггүй.

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байх үед гадаадын томоохон ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байв?

-Жишээ нь, Эрдэнэтийн гэрээ байна. Эрдэнэтийн гэрээг эхлэх үед би Сангийн яаманд Вальютын хэлтсийн дарга байсан. Вальютын хэлтэс гэдэг нь гадаад харилцаагаа барьдаг газар. Тэгээд гэрээ хэлэлцээр эхлэх болоод Эрдэнэтэд очсон. Зөвлөлтийн инженерүүд хэлж байна. “Энэ уул алга болно. Зөвхөн овоолго үүснэ, энд хот байгуулна” гэж. Уг нь модтой гоё уул. Тэгээд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрт оролцсон анхны хүмүүсийн нэг нь би. Ажлын хэсэг байгуулагдсан.

За?

-Ингээд Эрдэнэтийг байгуулах болж, хэлэлцээр хийгээд ТЭЗҮ гарлаа. Гэтэл нэг тэрбум ам.долларын шилжих рублийн зээл шаардлагатай боллоо. Тэр нь зэс хайлуулах үйлдвэр барихад. Оросын талынхан “Та нар бусад оронтой ярьж үзээч” гэлээ. Бид Герман, Чехтэй ярилаа. Болгартай ярилаа. Зэс хайлуулах үйлдвэр барихад хөрөнгө өгөөч гэж. “Байхгүй, боломжгүй” гээд болохоо байлаа. Тэгсэн Оросын тал “Та нар баяжуулах үйлдвэрээ барьчих. Бид 595 сая рублийн зээл олгоно. Түүнээс илүү боломж алга” гэлээ. Тэгээд энэ асуудлаа танилцуулахаар орлоо. Тэр үед Брежнев гуай айлчилч байсан. Манай сангийн яамнаас бол “Зээлээ хүчингүй болго. Их өр чинь хэтэрлээ. Брежнев гуай байх үед шийдүүлээд авъя” гээд яам болгон асуудал оруулсан. Эрдэнэтийг яаж шийдэх вэ гэдэг дээр Улс төрийн товчооныхон хуваагдаж байна л даа. Нэг хэсэг нь энийгээ бариад авъя. Зэс хайлуулах үйлдвэртэй болно гэдэг их юм. Нөгөө хэсэг нь энийг хойшлуулъя. Япон зэрэг улсуудад санал тавихад болох байлгүй гэж хуваагдсан. Эцсийн шийдвэрийг Ю.Цэдэнбал дарга гаргана. Ю.Цэдэнбал дарга хэлж байна. “За нөхөд минь бид ямар ч байсан баяжуулах үйлдвэртэй болъё. Баяжуулаад зэсийн баяжмалтай болчихвол хайлуулаад зэс гаргах нь дараагийн шатанд болгоё. Тэгвэл Эрдэнэт хоттой болох нь, хотоо байгуулчихъя. Цаашдаа зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь зүйтэй. Хэн ч эсэргүүцэхгүй. Ялангуяа зэс хайлуулаад зэсийн эцсийн бүтээгдэхүүн хийх юм бол үр ашиг нь тав дахин өснө. Энийг бид ойлгож байна. Гэхдээ өнөөдөр хойшлуулвал дараа нь бид хэд хандах вэ, хэн энийг шийдэж өгөх вэ. Одоо энэ техник эдийн засгийн үндэслэлээрээ баръя” гэж шийсэн. Ингэж Эрдэнэтийг 595 сая рублийн зээл авч бариад, төмөр замтай нь, хоттой нь бүтээн байгуулсан. Тухайн үед удирдах зөвлөл гэж байгуулагдсан. Би тэгэхэд Сангийн яаманд Вальютын хэлтсийн дарга байснаа 1972 онд яамны нэгдүгээр орлогч сайд болсон. Тэр Эрдэнэтийн  зөвлөлийн гишүүн гэж явдаг байсан. Тэр үед Долгормаа гуай, Молон гуай их түшигтэй сайд нар байсан. Долгормаа гэж мундаг сайхан эмэгтэй, мэдлэгтэй эдийн засагч байсан. Биднийг ч шахдаг, бусад яамдыг ч шахдаг. Ямар сайндаа Эрчим хүчний сайд П.Очирбат “Танай авгай дээр орж төсвөө шахуулах гэж явж байна” гээд миний өрөөгөөр орохдоо хэлдэг. Тэд төсвөө ирж хамгаалдаг байсан үе.

Сангийн яамны Вальютын хэлтэс гадаад харилцааны бүх юмыг барьж байдаг тогтолцоотой байсан. Тэр нь надад их завшаан болсон. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк гэж байгуулагдаж тэр хуралд би их явдаг байсан. Би жилд 29 удаа гадаад руу явж байлаа. Ирээд ажлаа танилцуулаад буцаад явдаг. Хагас сайн өдөр ирэхэд даваа гаригт дахиад л буцаад явах шаардлага гардаг тийм үе байлаа.

-Энэ хэрээр маш их чадавхижиж гадны соёлыг харж, улс эх орондоо үүнийг хэрэгжүүлье гэж боддог байв уу?

-Тэр өндөр мэдлэгтэй улсууд дотор сонсож, ярьж, дотор нь оролцож, маргахад нь маргаж байж улсынхаа сонирхлыг хамгаална. Жишээ нь, Олон улсын хамтын ажиллагааны банк байгуулагдана гэхэд зээл олгох болж байгаа юм л даа. Бидний түрүүчийн хэлдэг экспорт импортоо гүйцэхгүй болохоор зээл авна. Зээлийн жилийн хүү 2.5. Гэтэл Монгол Улсад энэ бол даахгүй ачаа болноо доо. Монгол бол улирлын үйл ажиллагаатай. Олон улсын банкныхан үүнийгээ батал гэж байна. Буцаж ирээд Монголбанкин дээр ирээд судалж судалж дотоодын гүйлгээгээр нь улирлын үйл ажиллагаатай гэдгээ батласан. Ингэж байж Монголд 0.5 хувийн хүүтэй зээл авах хэмжээнд хамгаалж чадсан. Анхны хүүгээс тав тавих бага байгаа биз.

-Хэдэн төгрөгийн зээл авах гэж ингэж хамгаалсан хэрэг вэ?           

-Олон улсын хамтын ажиллагааны банк 1965 онд айгуулагдсан. Тэр үед манай улсын хувьд экспортоосоо импорт нь 30 хувиар илүү байсан. Тэгэхээр тэр 30 хувиа нөхөх зээл авах шаардлагатай болсон байдаг юм.

-Ингээд харахад таны үеийн хүмүүс албан тушаалаасаа үл хамаараад төрийн ажлыг хийхийн тулд маш хариуцлагатай байжээ гэж харагдаж байна шүү?

-Тийм. Сайд нар төсөв, ажлаа Засгийн газар дээр хамгаална. Сангийн яаман дээр дэмжигдвэл тэр нь цааш явна. Тэр үед яамдууд бүх асуудлаа Засгийн газарт оруулчихна. Засгийн газрын референтүүд гэдэг их мэдлэгтэй чадвартай хүмүүс байдаг байсан. Жишээ нь, Аж үйлдвэрийн яам хариуцсан референт гэвэл тэр асуудлаа хариуцаад хурлаар оруулах ажлыг боловсруулаад, яамны саналыг өөрчлөөд хариуцсөн сайдын зөвлөлийн орлогч даргадаа танилцуулдаг. Сангийн яам үед одоогийн Хууль зүйн яамны байранд байсан. Тэр үед референтүүд яамны үүдэнд оочирлочихдог байсан. Дараагийн хуралд оруулах асуудлыг референт Сангийн яамтай тохирно. Тохироогүй бол тэр асуудал нурдаг. Тийм учраас референтүүд хаширчихаад ирж оочирлодог танилцуулж тохирдог. Ингэж байж Засгийн газрын хурлаар шийдэгддэг. Сайд гэдэг бол тэр үедээ сайд шиг л сайд байсан.

Сайд хүн чинь доороо гурван нөөцтэй. Миний дараа сайд болох хүн гэж заавал гурван хүн бэлдэх ёстой. Тэгээд үүнийгээ төв хорооны боловсон хүчинд бүртгүүлдэг. Дараа нь орлогч сайд, хэлтсийн дарга мөн адилхан гурван хүн бэлдэнэ. Хэлтсийн даргаас дээш албан тушаалтнууд нөөцөө бэлддэг. Тэгээд тэр хүнтэйгээ ажилладаг. Тийм учраас тэр хүн магадгүй нэг үйлдвэр дээр ажиллаж байгаа бол тэрнийг нь дамжуулаад дээш татаад бэлдээд явдаг байсан. Тэр боловсон хүчин бэлтгэх систем өнөөдөр харамсалтай нь алга болсон. Тохиолдлын хүн сайд болж байна, мөнгө төгрөг гаргасан хүн сайд болж байна. Сангийн яаманд бол хөдөө юм уу хотод санхүүгийн хэлтэст ажилласан хүнийг татаж авдаг. Их сургуулиас бол онц сурсан, эсвэл гадаадад төгсөөд ирсэн хүнийг авдаг байсан.

-Тэр үед төсөв алдагдалтай гардаг байсан гэлээ. Одоо ч Монгол Улсын төсвийн алдагдал байсаар байна, эдийн засаг нэг хэсэг ихээр хямарлаа. Та Монголын эдийн засгийг хэрхэн харж байна вэ?

-Монгол орны эдийн засгийг сэргээх засах ажил том утгаараа авч яривал маш амархан. Засах боломж маш их байна. Дээр үед гаднаас сая доллар, 500 мянган долларын зээл авахын тулд зовдог байв.. Одоо бол тэрбум долларын зээл авахад зовох юм алга болчихжо. Юу гэсэн үг вэ гэхээр боломж их байгаа. Зөвхөн тэр боломжийг зөв ашиглах бодлого бол энэ хорь, гучин жилд үнэхээрийн савлаж ирлээ. Зах зээл гэдэг юм чинь хүнээ урьдчилан бэлдээд, ордог ёстой. Монгол төдийгүй Зөвлөлт ч гэсэн тэр зах зээлийн нийгэмд хүнээ бэлдэж чадаагүй орчихсон. Эрэгтэй хүн эмэгтэй хүний хажууд тэлээгээ оролдож болохгүй гэдэг ч юм уу, эсвэл тэр хүнийг эвгүй байдал оруулж цочоож болохгүй гэдэг наад захын соёлтой. Одоогийн манай хэллэгээр хуулийг яг мөрдөх ёстой гэдэг зарчимтай байж орох ёстой нийгэм.

Хоёрдугаарт үнэхээрийн эдийн засгийн бодлогоо бид зөв явуулж чадаагүй. Муу үгээр хэлэхээс аргагүй шунал нь ихдээд, тэр нам энэ нам гэх юм байхгүй. Түүнийгээ дээрээсээ зөв зохицуулж чаддаггүй. Цэдэнбал дарга шиг хатуу гар байхгүй. Миний үед Цэдэнбал даргыг олон зүйл дээр санадаг юм. Шийдвэрийг зөв гаргана, зөв юм руу чиглүүлнэ гэдэг бол үнэхээрийн гарамгай хүн байсан.

-Жишээ ярьж өгөөч?

-Жишээлэхэд их өр гээд ярилаа. Брежнев дарга ирэхэд Их өрийг яаж шийдэх вэ гэхэд, энэ тухай ярих нь зөв гэдгийг Улс төрийн товчооны гишүүд олонх нь зөвшөөрч байсан. Тэгтэл хажуунаас гурав, дөрөвдүгээр хорооллын асуудал ороод ирлээ. Хотоо жаахан хөгжүүлье гээд Улаанбаатар хот, Барилгын яамтай нийлээд санал оруулсан. Бас холбооны системийг сайжруулъя гэсэн санал орж ирээд, энэ гурав үлдлээ. Улс төрийн товчоо хуралдаад бас санал хуваагдсан. Нэг хэсэг нь энэ өрийг цаашдаа ярья, одоохондоо хотоо байгуулж авъя. Цэдэнбал дарга хамгийн сүүлд Моломжамц даргын саналыг сонсдог уламжлалтай. “За Молом” гэнэ. Моломжамц даргыг бид өмнө нь зээлээ төлье гээд жаахан лоббидчихсон байсан. Гэтэл Цэдэнбал дарга “Энэ асуудал бол ЗХУ-д тавихаас өөр гарцаагүй асуудал. Эд нар шийдэхгүй бол бид өөрөө шийдэж чадахгүй. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам яаж өсч байна. Энэ утаатай гэрт байнга байлгах юм уу. Ядаж 50, 60 хувийг орон сууцтай болгоё. Хорооллоо бариулаад авчихъя. Зээлээ яах вэ гэж та нар асууна. Зээлийг Оросын ард түмэн Монголын малчдаар төлүүлэхгүй. Ганцхан хугацааг нь зөв олох хэрэгтэй. Одоо бол цаг нь арай биш. Цагийг нь зөв олж тавьсан нөхцөлд энэ зээлийг чөлөөлнө. Бид төлөхгүй” гэсэн. Манай яамны нөхдүүд “Энэ дарга юу яриад байгаа юм бол. Ямар сайхан санаатай юм бэ. Ийм боломж дахиж гарах уу” гээд л. Хүү нь өсөөд байдаг. Одоо бодоход тэр бодлого маш оносон. Гурав, дөрөвдүгээр хороололтой, холбооны системээ сайжруулчихсан, бас дээр нь зээлээс чөлөөлөгдчихсөн л байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE