Торгомсог 00-ийн цаасаа мартчихаад буцаж нисэхийг шаардсан Филиппинийн “Ган эрвээхэй”

Филиппинийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй мөн хамгийн хүчтэй эмэгтэй бол Имельда Маркос. Жирийн нэгэн гэр бүлд өсч торнисон Имельда багаасаа дуулж хуурдах дуртай, гоо үзэсгэлэнтэй байжээ. 18 настайдаа Манила хотын мисс-ээр тодорч, тэр жилээ Филиппиний Мисс болсон байна.

Имельдагийн аав нь хуулийн ажилтан, харин ээж нь асрамжийн газарт өссөн эмэгтэй гэнэ. Зарим хэвлэлийн дурьдснаар бол ээж нь гэлэнмаагийн хүсээгүй хүүхэд тул асрамжийн газарт өссөн ч гэдэг.

Имельдагийн амьдрал Филиппинийн бусад иргэдийн адил тарчиг ядуу. Гэхдээ өсвөр наснаасаа л хамгийн дэгжин чамин хувцас өмсөхийг мөрөөддөг охин байж.

Филиппинийн Мисс болсны дараагаар түүний зураг сэтгүүл, сонины нүүрээс салахаа болилоо. Дайнаас алдар цуу, эр зоригийн түүх, одон медальтай буцаж ирсэн конгрессийн залуухан гишүүн Фердинанд Эммануэль Эдралин Маркос түүнтэй болзоо тавьжээ. Тэд танилцаад ердөө 11 хоногийн дараагаар Фердинанд гэрлэх санал тавьсан байна.

Фердинанд хожмоо улсынхаа Ерөнхийлөгч болж, харин Имельда тэргүүн хатагтайд өргөмжлөгдсөн юм. Фердинандтай гэрлэсний дараагаар Имельда дуулж хуурдаж мөнгө олох ажлаа зогсоож, нөхрийнхөө улс төрийн карьерт бүх анхаарлаа хандуулжээ. Удалгүй ч амжилт ирсэн юм.

“Түүний минь хайр л намайг амжилтын оргилд гаргасан юм” гэж Фердинанд Маркос мэдэгдэж байсан түүхтэй. Хожим эх орноосоо хөөгдөж, олон сая ам.доллар шамшигдуулсан хэрэгт буруутгагдаж ад үзэгдэж байхдаа ч Фердинанд эхнэрээ шүтэн биширсэн хэвээр байсан гэдэг. Тэд хамтдаа гурван хүүхэд төрүүлж, өсгөжээ.

Имельда айлчлал, уулзалтын үеэр ч чамин, ганган хувцаслана. Гэхдээ түүний чадвар зөвхөн гоёх бус мөн дипломат яриа хэлэлцээр маш амжилттай хийж чаддаг увидастай. Леонид Брежнев, Фидель Кастро, Рональд Рейган, Муаммар Каддафи бүр Саддам Хусейнтэй хүртэл Филиппинийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт тусгай элч гэсэн онцгой “албан тушаал”-тайгаар уулзаж, яриа хэлэлцээр амжилттай хийжээ.

Сирийн Муаммар Каддафитай уулзан хэлэлцээр хийснээр Филиппин болон Исламын салан тусгаарлагчдын дайн тулааныг зогсоосон түүхтэй. Имельдагийн дипломатчийн ур чадвар, гоо үзэсгэлэн тухайн үед Филиппин улсын нэр төрийг дэлхий дахинд өргөж байлаа.

Тэрбээр эх орондоо ч ихийг бүтээжээ. Эрүүл мэндийн салбар, соёл урлаг, нийгмийн бодлогын гол гогцоог тэр атгаж байв.

Гэвч аливаа эрх мэдэл хэтрэхээрээ дарангуйлал болж хувирдаг талтай. Мөн давуу талаа ашиглаж, төр засгийн хөрөнгө мөнгийг хувийн ашиг сонирхолдоо зарцуулахад хүрдэг. Имельдагийн хувьд ч энэ л замаар явжээ. 1972 онд Фердинанд Маркос Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн албан тушаалыг хугацаагүй болгож, дарангуйллаа бүрэн тогтоосон байна. Эхнэр нөхөр хоёр төрийн төсөв рүү гараа дүрж эхэлжээ.

Имельда авья гэснээ л авна. Тарчиг ядуу охин байхдаа авахыг хүсдэг байсан бүхнээ тэр давуулан авч чаджээ. Манхэттанд 51 сая ам.доллараар байшин, Херальд Центерт 60 сая ам.доллараар харш  авсны дээр уран зургийн цуглуулгад нь алдарт Микеланжело, Боттичелли, Каналеттогийн бүтээл өрөөстэй. Шоппинг хийхээр Нью-Йорк, Ром руу байнга ниснэ.

Энэ үедээ Имельда ядуу тарчиг бага, өсвөр насаа дурсах дургүй болжээ. Филиппинийн сэтгүүлч Кармен Педроза “Имельда Маркосын бидний мэдэхгүй түүх” хэмээх ном гаргасныг тэр даруй хориглосон байна. Тус номд Имельдаг Филиппинийн бусад иргэдийн адил ядуу тарчиг амьдралтай байсан тухай дурьдсан хэрэг.

“Тэр өөрийн бага нас, удам угсааныхаа талаар олонд мэдэгдэхийг хүсэхгүй болсон байлаа. Тэр тэс өөр хүн болсон. Магадгүй “Тийм ядуу байсан хэрнээ яаж ингэж баяжсан юм бол?” гэх хардлага төрүүлэхгүйн тулд эхнээсээ л баян байсан мэт харагдахыг хүссэн байж болно. Ганган хээнцэр даашинз өмсөж, хамгийн үнэтэй тансаг газраар зугаалж, амарна. Ер нь товчхондоо ядуу орондоо тэр гайхалтай тансаг амьдарч байлаа” гэж сэтгүүлч Кармен Педроза дурьдсан нь бий. Ядуу филиппинчүүдийнхээ дэргэд ганган Имельда дэндүү ялгараад байсан хэрэг.

Филиппинд АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Уильям Салливан нэгэн удаа ярилцлагадаа “Намайг лав тэнд амьдарч байх хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид Имельдад бараалхахдаа заавал компанийнхаа хувьцааны тодорхой хувийг бэлэглэдэг бичигдээгүй хууль үйлчилж байсан. Тэгж байж л тэр улсад бизнес хийх эрхээ авдаг байлаа” гэж дурссан нь бий.

Имельда өндөр өсгийтөд маш их дуртай. Филиппинчүүд хоорондоо ярьдаг байж. “Манай тэргүүн хатагтай 3000 хос туфльтэй гэнэ ээ” гэж. Хожим Имельда үүнийг ор үндэсгүй яриа гэж тодорхойлоод “Үгүй ээ, би хэзээ ч 3000 хос туфльтэй байгаагүй. Би дөнгөж 1060 хос туфльтэй л байсан” гэж чамлангуй хэлсэн удаатай.

Имельда Нью-Йоркт шоппинг хийхээр нэг нисэхдээ л 3 сая ам.доллар хөнгөхөн зарцуулна. Микеланжелогийн бүтээлийг л гэхэд 3.5 сая ам.доллараар худалдан авсан байдаг. Мөн нэг удаа Ромоос эх орон руугаа нисч явахдаа гэнэт нисэх багийнханд буцаж нисэхийг шаарджээ. Учир нь Ромоос бяслаг авах ёстой байснаа мартчихаж. Өөр бас нэг зүйл мартсан нь 00-ийн цаас. Торгоор хийсэн 00-ийн цаасаа авахаа мартчихсан хэрэг. Түүнгүйгээр бол амьдрах аргагүй болоод буцаж нисэхийг шаарджээ.

Имельдаг филиппинчүүд аажимдаа “Ган эрвээхэй” гэж нэрлэх болжээ. Энэ бол үзэсгэлэнтэй хэрнээ ард түмэндээ хахир хатуу ханддаг чанарыг нь холбож илэрхийлсэн хоч нь болсон байна.

Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг. 1986 онд Фердинанд Маркосыг Ерөнхийлөгчийн суудлаас түлхэн буулгаж, эх орноос нь хөөлөө. Мөн улсдаа 90 тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм.

Нөхрөө өөд болсны дараагаар буюу 1991 онд Имельда эх орондоо эргэж очих болно. Түүнд эх орондоо эргэн ирэх зөвшөөрлийг Филиппинийн төр засаг олгожээ. Эх оронд нь “Ган эрвээхэй”-г хэдэн мянган хүн баярлан угтсан гэдэг.

1992 онд Имельда Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд 2 сая гаруй сонгогчийн санал авсан ч ялагдал хүлээжээ. Үүнийхээ дараагаар парламентийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, дараа нь дахин хоёр ч удаа сонгогдсон байдаг.

Имельда өнөөх алдартай 1060 хос туфлийнхээ музейг ч Манилад нээжээ. Филиппинийн төр засаг Имельдагийн Швейцарийн банкинд хадгалуулсан их хөрөнгийг эх орондоо авчрахыг шаарджээ. Гэвч Швейцарийн банкнаас “Та нар эхлээд Имельда Маркосыг хууль бусаар хөрөнгөжснийг нотолбол бид энэ мөнгийг шилжүүлж болно” гэж. Гэвч нэг ч шүүх түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн гэж нотолж чадалгүй өнөөг хүрчээ. Имельдад маш олон хэрэг тохох гэж оролдсон ч өдий хүртэл нэг ч удаа шүүх дээр ялагдаагүй юм.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

 

 

SHARE