Баривчилгаа баарагтай юу?

Баривчилгаанд итгэхэд хэцүү болжээ. Цагдаа, хууль хүчнийхэн сүр бадруулж ирээд л хэн нэгнийг барих юм. Маргааш нь нөгөөх нь суллагдчих юм. “Баривчлах тогтоолгүй” гэх тайлбар танил боллоо.

АТГ-аас өнгөрсөн пүрэв гаригийн орой Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулахдаа бусдад хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан гэж байгаа. Тэр орой АТГ-ын байцаагчид М.Энхсайханы гэрт нэгжлэг хийж улмаар хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Гэтэл маргааш нь буюу 21-ны 17:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан” хэмээн суллав.

Ийм тохиолдол анхных биш. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулсан юм. Тэднийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар ийн цагдсаныг хуулийнхан тухайн үед мэдэгдэж байв.

2019 оны 02 дугаар сарын 22-нд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан гавьяат шүүгч Б амиа хорлосон хэрэг гарсан. АТГ-аас талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж гэрт нь нэгжлэг хийснийхээ дараа цагдан хорьсон гэж мэдэгддэг. Хуулийнхан хэрэгт сэжиглэсэн хүнээ саатуулсны дараа шүүхэд саналаа хүргүүлсэн байгаа юм. Хуулийн хүрээнд 48 цагийн дотор шүүхийн тогтоол гараагүй учир суллахаар очиход талийгаач аль хэдийнэ өөд болсон харамсалтай хэрэг гарсан байлаа.

Баривчлах тогтоолтой холбоотой жагсаалт энэ мэтээр үргэлжилсээр байх шинжтэй. Зөвхөн эдгээр дурдсан хэргээс харахад улс орны томоохон орд, эдийн засгийн нөлөө бүхий асуудалтай холбоотой хэргүүд юмсанж. Гэхдээ эдгээр хүмүүс хэрэгт холбоотой эсэх асуудал тусдаа юм. Гагцхүү ингэж том хэрэгт хүнийг сэжиглэн татаад бүр хорих ангид аваачиж хорьсны дараа шүүх байгууллага нь хүний эрх зөрчсөн хэмээн суллаад байгаа нь хачирхал төрүүлэх боллоо.

Авлигатай тэмцэх газар, цагдаа, хууль хүчнийхэн уг нь баараггүй зүйл дээр хүнийг цагдаж хорих учиртай. Үүрэг нь ч тийм. Шүүх байгууллагын шийдвэр бас л хууль дээр үндэслэж гараад байгаа харагдана. Эсвэл ерөөсөө манай хууль журам нь тийм цоорхойтой болчихов уу.

Одоо дахиад томоохон албан тушаалтан хэрэгт татагдлаа, баригдлаа гэвэл итгэх хүн гарахгүй нь. Маргааш л суллагдана даа гэсэн халшрал хэн бүхэнд төрөх болж. Хууль хүчнийхэн, шүүхийнхэн энэ “алдаа”-гаа олж хараад засахгүй бол улс орны эдийн засгийг хохиролд оруулсан том хэргүүд үнэн зөвөөр шийдэгдэх эсэх ч эргэлзээтэй болж эхэлнэ.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE