38 секундын бичлэг бяцхан охины амийг аварчээ

Их Британийн Кент гүнгийн нутгийн Грейвзенд хотын оршин суугч бүсгүй Жейд Родфорд бичлэгийн ачаар бяцхан охиныхоо амийг аварчээ.

30 настай Жейд Родфордын охин Элла хэдэн хоногийн турш өвджээ. Эмч үзэвч яг юунаас болоод өвдөөд буйг нь оношилж тогтоож чадахгүй байв. Эмнэлэгт охиноо үзүүлж ирээд түр зуур эмээд нь орхиод гартал араас нь утасдаж “Охины бие муудлаа” гэж сандаргажээ.

Охин өндөр халуурч эхэлсэн байж. Бүсгүй тухайн үед охиныхоо нүүрэн дээр шар толбо үүсэхийг харж, бичлэг хийж авчээ. Ингээд эмнэлэг рүү утасдахад “Түргэн тусламжийн машин хэдэн минут болж байж очихоор байна. Бие нь их муу байвал та боломжоороо хурдан эмнэлэгт хүргэсэн нь дээр байх” гэжээ.

Бүсгүй тэр даруй охиноо аван эмнэлэг рүү очжээ. Эмч нар охиныг үзсэн ч мөн л оношийг нь тэр даруй тогтоож чадахгүй байв. Учир нь өвчний шинж тэмдэг гэрт байх үед л тод илэрсэн хэрэг. Гэтэл бүсгүй гэнэт бичлэг хийснээ санаж, эмчид үзүүлтэл шинж тэмдгийг нь хараад шууд хэвтүүлж, эмчилгээ эхэлжээ.

Хожим эмч нар “Хэрвээ тэр бичлэг байгаагүй бол таны охин одоо амьд байх эсэх ч эргэлзээтэй” гэж хэлсэн байна. Эмч нарын хэлснээр бол охины цусны халдвар авсан гэнэ.  Элла 12 хоног эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэсний дараагаар гарчээ.

“Хэрвээ би тэр бичлэгийг хийгээгүй бол охин маань нас барчих байсан гэж эмч хэлсэн. Эмч нар шинж тэмдгийг нь мэдэлгүй, охиныг гэр рүү буцаах гэсэн юм. Хэрвээ гэр рүү буцсан бол цаг алдаж, бие нь бүр муудах байж. Гэвч би зөнгөөрөө мэдэрч, тэр бичлэгийг хийсэн нь охины минь амийг аварлаа” хэмээн Жейд Родфорд өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE