Оросын хоккейчин Максим Соколовын хүү ээжийгээ хөнөөжээ

Оросын хоккейн шигшээ багийн хаалгач асан Максим Соколовын гэр бүлд аймшигтай хэрэг гарчээ. Түүний 18 настай хүү Максим ээжийгээ хутгалж хөнөөсөн байна. Хэргийн гэрч нь Соколовын 15 настай бага хүү Арсений гэнэ.

“Намайг хөгжим сонсоод сууж байтал ах гэнэт “Одоо чамайг би ална” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би гарч зугтсан” гэж Арсений мэдүүлэгтээ дурьдсан байна.

Хөршүүдийн мэдүүлснээр бол Арсений “Туслаарай, манай ах ээжийг алах гээд байна!” хэмээн хашгирч гүйсэн гэнэ. Ингээд хэсэг бүлэг хүмүүс тэдний гэрт яаран очиход Максим ээжийнхээ хоолойг хэрчин хөнөөсөн байжээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол 18 настай Максим ээжийгээ хөнөөсний дараагаар амиа хорлох оролдлого хийсэн бололтой олон тооны шархтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ зарим хэвлэл хэрэг явдлыг арай өөрөөр тайлбарлаж байна. Ээжийгээ үхсэн байхыг харсан бага хүү нь ахыгаа хутгалсан гэж бичжээ. Ямартай ч хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлжээ.

“Итгэмээргүй юмаа, их тайван дөлгөөн хүү шүү дээ. Эдний гэр бүл их эвсэг найрсаг харагддаг” хэмээн хөршүүд өгүүлсэн байна.

Максим Соколов бол Оросын шигшээ болон СКА багт олон жил тоглосон тамирчин. Одоо СКА-1946 залуучуудын багт ажиллаж байгаа аж. Энэ багт ээжийгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй түүний том хүү Максим хаалгачаар тоглодог юм.

Зургаан жилийн өмнө Максим Соколов хоккейчний замналаа өндөрлүүлэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Замналаа үргэлжлүүлэх тухайд бол бие болоод сэтгэлзүйн бэлтгэл хангалттай байна. Гэвч ахуй амьдралын асуудал гэж бий. Гэрт маань хоёр тэрсхэн хүү өсч байгаа. Би завгүй байдаг болохоор тэдний хүмүүжилд бараг оролцдоггүй. Ээж нь л өсгөж том болгож байна. Би хөвгүүдээ сулбагар охид шиг хүмүүс биш жинхэнэ эрчүүд болгож хүмүүжүүлэхийг хүсдэг. Замналаа өндөрлүүлэх ганц хүчин зүйл гэвэл энэ л байна даа” гэж өчиж байжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE