Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.06.13) хуралдаан 14 цаг 48 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 64 гишүүн гарын үсэг зурж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь процессын алдаатай өргөн баригдсан гэсэн Ерөнхийлөгчийн саналыг АН-ын зөвлөл дэмжиж байгаа, нөгөө талаар нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь хууль хэлбэрээр өргөн баригдах учиртай гэж үзэж буйгаа илэрхийлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хэлэлцэх шаардлагатай тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ төлөөллийн зарчмыг хэрэгжүүлж, улс төрийн зөвшилцлийн замаар асуудалд хандаж Ерөнхийлөгчийн саналыг авч, сөрөг хүчнээ сонсож, хэлэлцэх дэгээ тодорхой болгож байж асуудлыг ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь зөвхөн сүүлийн хэдэн жил яригдаж байгаа асуудал биш олон удаагийн парламент дамжин яригдаж, Улсын Их Хурлын гишүүдээс удаа дараа төсөл өргөн барьж, Улсын Их Хурлаас  ч удаа дараа ажлын хэсэг байгуулж, тодорхой хэмжээнд зөвшилцөж ирсэн, тэр хэрээр нийгэмд хүлээлт үүсгэж, улс орны эрх ашгийн үүднээс тодорхой хүрээ хязгаарт багтааж зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай болсон асуудал. Тиймээс энэ удаагийн Улсын Их Хуралд олонх болсон МАН сонгуулийн амлалтаа ажил хэрэг болгох үүднээс нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлыг 2017 оноос эхлүүлж улмаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулж, орон даяар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үндсэн дээр ажлын хэсгээс боловсруулсан төслийг өмнөх Ерөнхийлөгчид хүргүүлж, саналыг нь авч байсан. Мөн ажлын хэсгээс боловсруулсан төслийн хувилбарт саналыг нь авахаар одоогийн Ерөнхийлөгчид хоёр удаа хүргүүлсэн байна. Тухайлбал, 2018 оны 6 дугаар сарын  22-нд Улсын Их Хурлын 67 гишүүн гарын үсэг зурсан төслийн талаар санал авахаар Ерөнхийлөч, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад институцэд хүргүүлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс хариу ирүүлээгүй. Тиймээс “хуульд заасан байгууллага, албан тушаалтан төслийн талаарх саналаа 30 хоногт багтаан хууль санаачлагчид хүргүүлнэ”, “энэ хугацаанд хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ” гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасныг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Харин Я.Содбаатар нарын гишүүдээс өргөн барьж батлуулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл одоогоор албажиж хэрэгжээгүй байгаа тул Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дэгийн хуулийн зохицуулалт, мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явуулж байгаа гэдгийг хэллээ.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхэлж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдэж ирлээ. Төрийн байгууллыг шинээр эмхлэн байгуулах, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх явцад төрийн институци хоорондын харилцааны болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны практикт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2000 онд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч тэдгээрийн зарим нь төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахад сөрөг үр дагавар авчирсан тухай эрдэмтэн судлаачид, олон түмний зүгээс шүүмжлэл хүлээх болов.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж Улсын Их Хуралд ирүүлж байсныг үе үеийн Улсын Их Хурал анхааралдаа авч, 2011, 2012 онуудад Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж, өргөн мэдүүлж байв. 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлын даргын 2015 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч тухайн үеийн Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэж амжаагүй.

Харин 2016 онд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах зорилгоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн судалгааны үр дүнд Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн асуудлаар үндэслэл, тайлбар бүхий 46 заалттай тайлан, санал гаргасан байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Зөвлөлдөх зөвлөл байгуулж, 6 багц асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, түүнээс 5 багц асуудал нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн.

Улмаар 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Тус ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 5 багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан байна. Уг төслийн талаарх иргэдийн саналыг харгалзах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 107 дугаар захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулж ажиллуулав.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт330 шахам мянган иргэнээс нийтдээ 5 580 гаруй мянган нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна гэдгийг дурдав.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан тогтолцооны ололтыг улам бататган,  парламентат ёсны уламжлалыг хадгалан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах замаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлууд, эрдэмтдийн санал, дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа зэрэгт дурдсан дүгнэлт, санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн дээр доор дурдсан дөрвөн багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа. Үүнд:

1.     Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

2.     Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

3.     Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

4.     Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.

Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийгхамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа гээд энэ дөрвөн багц асуудлын хүрээнд төсөлд тусгагдсан зүйл, заалтуудыг гишүүдэд танилцуулсан юм.

Нэг. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:

1.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах өөрчлөлт оруулав.

2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах, Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг Ерөнхийлөгч тараах, Улсын Их Хурал тарсан тохиолдолд сонгууль зарлах, явуулах хугацааг тогтоосноор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг Улсын Их Хурлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн найруулав.

3.Улсын Их Хурал сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах, мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлт оруулав.

4.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулав.

5.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон.

6.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэг хүлээх, намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтоохоор тусгав.

7.Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтлах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогоор тодорхойлох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгав.

Хоёр.Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багц асуудлын хүрээнд:

1.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулахаар өөрчлөв.

2.Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчлөн найруулав.

3.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгав.

4.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийгоруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх, хэрэв тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгав.

5.Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулав.

6.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байх талаар зохих нэмэлтийг оруулав.

7.Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найрууллаа.

Гурав.Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:

1.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулав.

2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчиллөө.

3.Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж, Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлэх, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шинэчлэн найруулав.

4.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор өөрчлөв.

5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгалаа.

6.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор зааж өгөв.

7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгож, зөвлөл шийдвэрээ нийт гишүүний олонхын саналаар гаргахаар тусгав.

8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн хариуцлагын зөвлөл гаргахаар нэмнэ. Зөвлөл нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, нэр хүндтэй иргэдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, тус зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгохоор нэмэв.

9.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхын саналаар томилохоор өөрчиллөө.

10.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчлөв.

Дөрөв.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багц асуудлын хүрээнд:

1.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгасан.

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага байх, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд орон нутгийн татвар тогтоох, өмчийн эрх эдлүүлэх замаар эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гаргах хүрээг тодорхойлж өгсөн болно.

3.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор тусгалаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгасан гэдгийг танилцуулав.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар тусгасныг танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Д.Дамба-Очир, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбат, Л.Болд, Б.Баттөмөр нар төсөл санаачлагчид болон ажлын хэсэг, дэд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хязгаарлаж өгсөн учраас иргэд олон нийт, төрийн институциуд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн тусгах боломжгүй юм. Тиймээс удаа дараагийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулгаар хамгийн олон давтамжтай санал авсан, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа цөөн хэдэн асуудлыг энэ удаагийн төсөлд багцалж тусгасан. Эдгээр багц асуудлууд нь юун түрүүнд Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж  байгаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн зүйл, заалтын 35 хувиас хэтрэхгүй байх ёстой. Тиймээс бид энэ удаад Үндсэн хуулийн нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан, энэ нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж, тавыг нь өөрчлөн сайжруулахаар тусгасан гэдгийг хэллээ.

Мөн 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль биш, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн нэрээр батлагдсан байна. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна гэж заасан байдаг. Тиймээс энэ асуудлыг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад Үндсэн хуулиа барих нь зүйтэй юм гэж тохирсон. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбар болгоныг тухай бүрд нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж Ерөнхийлөгчийн саналыг авах, улс төрийн намуудын байр суурийг сонсож зөвшилцөхийг хичээж ажилласан гэдгийг тодотгоод төслийн зарим зүйл, заалттай холбогдуулан гишүүдэд тайлбар өгөв.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү нар төслийн тодорхой зүйл, заалтын талаар гишүүдийн асуултад хариулт өглөө. Түүнчлэн хуралдаанд оролцсон дэд ажлын хэсгийн гишүүн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Р.Хатанбаатар, Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан, А.Бямбажаргал, П.Сүнжид, О.Машбат нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм.

Төслийн үзэл баримтлал, хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Л.Болд, Ж.Мөнхбат, Ж.Батзандан, О.Содбилэг, Х.Нямбаатар нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь хуулиар тогтоосон тодорхой цоож, хязгаартай учраас төсөлд тусгагдсан хүрээ хязгаарын хэмжээнд асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа, ингэхдээ аль болох нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх замаар төслийн зүйл, заалтыг улам нарийвчилж тодруулж,   ардчиллын зарчмын дагуу ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийдэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийн эцсийн хувилбарын талаар Ерөнхийлөгчийн саналыг аваагүй учраас цаашид эрх зүйн маргаан үүсэх магадлалтайг анхаарах, Үндсэн хуулийн суурь зарчмаа барьж, аль болохоор зөвшилцөл, ойлголцлын замаар асуудлыг шийдэхийг гол болгох, төслийн үг, өгүүлбэр нэг бүрийг сайтар нягтлах шаардлагатай гэдгийг хэллээ.

Эцэст нь Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн дараа дараагийн шатанд 64 гишүүний гарын үсэг зурсан зөвхөн энэ нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөндөгдсөн асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, засаж сайжруулах асуудал яригдана. Түүнээс Үндсэн хуулийн хөндөгдөөгүй зүйл, заалтад өөрчлөлт оруулах асуудал байхгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн санал чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулагдана, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийлэх боломж нээлттэй. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг олонх хүч түрж батлах асуудал огт байхгүй, олон талын байр суурийг сонсож, аль болохоор нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэхэд анхаарч, ард нийтийн санал асуулгаар эцэслэн батална гэдгийг онцоллоо.

Ингээд санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхдээ дэгийн хуулийн дагуу гишүүд гар өргөж илээр санал хураах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь дэмжив. Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь дэмжсэн юм. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

SHARE