М.Оюунчимэг: Туул голыг хамгаалсны төлөө шүүх дээр ялагдаж байгаа шалтгааныг олно

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай өнөөдөр танилцав.

Одоогоор Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. Энэ тухай УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Усны тухай хууль энэ сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн дагуу цуцлах ёстой газруудаа цуцалж, эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй тэмцэлдэх гээгүй. Харин байгаль орчныг бохирдуулж, хариуцлагагүй хандаж, дур зоргоороо хашаа хатгаж замбараагүй байдлыг үүсгэж болохгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллах нь чухал байна. Шүүх дээр ялагдсан шалтгаан болон хэн гэдэг шүүгч дээрээс буцаад байгаа талаарх мэдээллийг нийслэлийнхэн Өргөдлийн байнгын хороонд энэ долоо хоногт гаргаж өг. Бид цааш нь холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Үүний цаана авилгын асуудал ч байж болзошгүй байна” хэмээв.

Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Цаашдаа хийх ажлынхаа ТЭЗҮ дээр үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингээгүйгээс эргээд ажлууд гацах явдал гарч байгаа. Энэ жил газруудыг эргээд төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалт зэрэг дээр иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна” гэсэн юм.

НМХГ-аас 2017 онд 1000 гаруй газрыг чөлөөлүүлэх талаар нийслэлд хандаж саналаа өгсөн байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан боловч тухайн газрыг эзэмшигч ААН, иргэн нь шүүхэд ханджээ. Тиймээс хотын зүгээс ямар нэгэн тохижилт хийх, нөхөн сэргээлт хийлгүүлж болохгүй нөхцөл үүсээд байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байсан юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE