Д.БАТЛУТ: ОРОН СУУЦАА ЗААВАЛ ДААТГУУЛАХ АЛБАГҮЙГ ОЛОН НИЙТЭД ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Засаг дарга Д.Батлут хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал, Сар бүр иргэдээс байрны мөнгөтэй хамт авч буй даатгалын төлбөртэй холбоотой үнэн зөв мэдээллийг өгөхийг эрчим хүч түгээгч компаниудад үүрэг болголоо. Иргэдийн дунд орон сууцны даатгалд хүчээр хамруулж байна гэх ташаа ойлголт байдаг.  Орон сууцаа заавал даатгуулах албагүйг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй гэсэн юм.

Мөн ЕБС-иудын хичээл тарах үеэр 1, 2-р ангийн хүүхдүүдийг заавал асран халамжлагчид нь хүлээлгэж өгөх үүргийг Боловсрол, соёл, урлагийн газарт өглөө. Учир нь сүүлийн үед  бага насны хүүхэд хулгайлах оролдлого хоёр ч удаа гарсан тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн юм. Түүнээс гадна 6-р микрийн үерийн сувагчлалыг шийдвэрлэх шинэ төлөвлөлтийг хийх чиглэлийг Хотын захирагчийн албанд өглөө. Жил бүр дулааны улиралд 6-р хорооллын 18, 19-р байрны гадаах зам, талбай, зоорийн давхар усанд автдаг. Үүнээс урьтаж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг Засаг дарга Д.Батлут онцоллоо.
Цас хайлсны улмаас Говил багийн Булагтын “В” хэсэгт  их хэмжээний ус тогтоод байна. Иймд тухайн хэсэгт амьдардаг хүүхдүүд сургуулийн автобусаар үйлчлүүлэхэд хүндрэл үүсээд байгаа юм. Тэгвэл Засаг дарга тухайн хүүхдүүдийг автобус очиж авах хэрэгтэйг санууллаа. Тиймээс холбогдох байгууллагууд тухайн хэсгийг усгүй болгох, сурагчдад автобусаар үйлчлэх ажлыг хийхээр боллоо.
Мөн чанаргүй гэрэлтүүлэг хийсэн нэр бүхий компаниудад шаардлага хүргүүлж гэрээний дагуу засвар, үйлчилгээг хийлгэх хэрэгтэй гэж үзэж буйгаа Засаг дарга илэрхийлсэн юм.  Үүний дагуу тухайн компаниудад шаардлага хүргүүлэхээр боллоо.
Мэдээллийн төв
SHARE