Хардалтын дөрвөн хэлбэр ба ашигтай талууд

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хардалт хоорондоо ялгаа, зөрүүтэй. Эмэгтэйчүүд ихэвчлэн сэтгэл хөдлөл, төсөөллөөр харддаг бол эрчүүд сексийн тал дээр түлхүү харддаг гэж сэтгэл судлаачид үздэг ажээ.

Эрчүүд залуу, сайхан эхнэрээ голцуу харддаг бол эмэгтэйчүүд ажил нь амжилттай яваа нөхөр, найз залуугаа хардах нь элбэг.

Эрдэмтэн судлаачид хардалтын дөрвөн хэлбэрийг олж тогтоосон байдаг аж. Үүнээс зарим нь харилцааг сэргээж авардаг бол зарим нь устгаж үгүй болгодог ажээ. Өөрөөр хэлбэл, ямар хэлбэрийнхээсээ шалтгаалан хардалт ашигтай мөн ашиггүй талтай гэнэ.

Сэргийлэх хардалт

Энэ бол нэг талаас эзэрхийлэгч, нөгөө талаас золиосын харилцааны хэлбэр гэж хэлж болно. Хардаж буй эмэгтэй /эсвэл эрэгтэй/ зохиомол дүр бий болгож, түүндээ өөрөө санаатайгаар итгэж хардана. Жишээлбэл, эхнэрээ үдэш орой үдэшлэгт явуулахгүй байх юмуу эсвэл нөхрөө ажлаасаа хоцорч ирэхгүй байхыг хатуу сануулж, харддаг. Гэвч тэглээ үр ашгаа өгөх нь бага. Нэгэнт хуурах л хүн бол хуурдаг. Тэгэхээр нэг тийш явуулахгүй байх юмуу эсвэл нэг цагт байнга ирэх ёстой гэх нь хуурах магадлалыг багасгадаггүй. Харин ч тэр “хориглосон цэг” рүү тэмүүлэх хүслийг бий болгодог аж.

Бодит хардалт

Энэ бол хардалтын хамгийн ойлгож болох бодит хэлбэр. Эхнэр /эсвэл нөхөр/ үдэшлэг дээр эсрэг хүйсний хэн нэгэнтэй шивнэлдэх, нууцаар ярилцах зэрэг нь гаарсаар эцэстээ хууралтад хүргэдэг. Үүнийг нь эхнэр /эсвэл нөхөр/ мэдэж, уурлаж бухимдах хэлбэрээр харддаг. Мөн өөр ч олон сөрөг хэлбэрээр бухимдлаа гаргах боломжтой. Энэ бол бодитой болсон явдалд хариу үзүүлж буй хэлбэр юм. Үнэхээр харилцаагаа хүндэлдэг, алдахгүй байхыг хичээдэг хайртай хүмүүсийн зүгээс гаргадаг хардалт гэж үздэг.

Өнгөрсөнтэй нь хардах

Эхнэр /эсвэл нөхөр/-ээ хуучин найз залуу юмуу харилцаатай байсан хүнтэй нь хардах хэлбэр. Ийм хардалтын хөнгөн хэлбэрийг хүн бүр туулж өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Хуучин найз залуу юмуу найз бүсгүйн тухай бодол, яриа хардалт төрүүлдэг. Гэхдээ энэ хэлбэрийн хардалтыг хүндрүүлж болохгүй. Хүндрүүлбэл, хамтрагчаа өнгөрснөөр нь шийтгэх, зовоох хэлбэр рүү орно. Орчин цагт бол олон нийтийн сүлжээн дэх хуучны зураг, үгс дээр нь дөрөөлж зовоох хандлага түгээмэл болжээ.

Энэ хардалтын үндэс нь өөртөө итгэх итгэл муутайгаас үүсдэг. Тэгэхээр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд спортоор хичээллэх юмуу шинэ хоббитой болох эсвэл ядаж л үсээ шинэ маягаар засуулж сэтгэлээ сэргээх замаар тэмцэж болно.

Ирээдүйд түгшин хардах

Өнгөрснийг сөхөх бус харин ирээдүйд хууртахвий гэсэн айдас түгшүүрийн улмаас хардах хэлбэр. Уг нь хардах ямар ч шаардлагагүй байж болох ч хардана. Гудамжаар зөрсөн эмэгтэй хайртай залуу руу нь инээмсэглээд өнгөрөх зэргээс үүдэж ч болно. Энэ нь хүний дотоод түгшүүр айдастай шууд холбоотой. Өөртөө итгэх итгэл муу юмуу хамтрагч нь харьцаанаас таашаал бага мэдэрч байхвий гэх түгшүүртэй холбоотой.

Дүгнэлт

Хардалт хэмээх тэсрэмтгий энэ сэтгэл хөдлөлийн хэлбэр хоёр хүний харилцааг хорлох нь түлхүү болохоос ашигтай тал бараг үгүй. Гэхдээ эрдэмтэд 144 хос дээр судалгаа хийсний дүнд зарим нэг ашигтай талыг олж илрүүлжээ.

  1. Ирээдүйд түгших хардалт нь хайртай хүнээ алдахгүй гэсэн сэтгэлээс үүдэх тул өөртөө анхаарал илүү хандуулж, сайжирч, хөгжих боломжийг хүмүүст олгодог байна. Ингэснээр харилцаа улам сэргэх магадлалтай ажээ.
  2. Бодит хардалт буюу нөхөртөө хууртснаа мэдсэн эмэгтэйчүүд хайртай хүнийхээ дур сонирхлыг илүүтэй татахын тулд өөртөө мөн илүү анхаарах тал байдаг аж. Харин эрчүүд ийм тохиолдолд дийлэнхдээ хайртай ч гэсэн эмэгтэйгээ хаяж оддог. Гэхдээ эмэгтэй хүний буруугаа мэдэрсэн сэтгэл, илүү их анхаарал халамж харилцааг сэргээх боломжийг олгох тохиолдол бас байдаг байна.

Харин хардалтын бусад хэлбэрээр “өвчлөгсөд” ашигтай тал огт байхгүйг ойлгох хэрэгтэй гэнэ. Хардалт нь өөртөө итгэх итгэл муу юмуу эсвэл бусдыг өөрийн өмч мэт эзэрхийлсэн үзлээс үүдэлтэй байдаг аж. Мөн хардалт нь ихэвчлэн өнгөлөн далдлалт төдий байдгийг эрдэмтэд дурьджээ. Хэргийн учир хамтрагчид нь бус өөрт нь байх тун элбэг ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE