“Рио Тинто” компани “Оюу толгой” төслөөс 230 сая долларын татвар зувчуулжээ

“Оюу толгой” толгой төслийн хөрөнгө оруулталтын гэрээ сайн болсон, муу болсон. Төслийг зогсоох ёстой, зогсоох ёсгүй гэсэн хоёр талт байр суурь энэ ордыг нээх үеэс л эхэлсэн байдаг. Нээрээ л өнөөгийн Монгол Улсын төсөвт жин дарахуйц хувь нэмэр оруулж байгаа төсөл гэвэл “Оюу толгой”-г нэрлэнэ.

Гэхдээ үнэхээр Монгол газрын доорх баялгийнхаа хэмжээгээр ашгаа хүртээд байна уу, эсвэл… гэх асуулт өнөөдрийн хүн бүхэнд чухал мэдээлэл зүй ёсны мөн юм.

Хэдэн тоон мэдээлэл дурдъя. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулагч, толгой компани “Рио Тинто”. Википедиа дахь мэдээллээр бол “Рио Тинто” компанийн нэг жилийн эргэлтийн хөрөнгө 58 тэрбум ам.доллар байдаг юм байна. Монгол мөнгөөр бол энэ нь 100 гаруй их наяд төгрөг гэсэн үг. Харин Монгол Улсын нэг жилийн төсөв 5 их наяд төгрөгт эргэлддэг. Үүнээс харахад “Рио Тинто” компани Монгол Улсын нэг жилийн төсвөөс 20 дахин том хөрөнгөтэй болох нь.

“Рио Тинто” компанийн нэг жилийн цэвэр орлого нь монгол мөнгөнд шилжүүлбэл 10 их наяд төгрөг байдаг юм байна. Харин Монгол Улсад жилд цэвэр орлого гэж ярьдаггүй, харин эсрэгээрээ 2 тэрбум төгрөгийн алдагдалтай. Үүнээс харахад “Оюу толгой” төсөл  ашгаа өгөөд, мэдэгдэхүйц хувь нэмэр оруулаад байгаа нь ерөөсөө Монгол Улс жижиг эдийн засагтай байгаагаас л үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Нидерландын Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвөөс үндэстэн дамнасан томоохон корпорациуд татварыг хэрхэн зувчуулдаг судалгааг хийдэг аж. Хөгжиж байгаа орнуудад үндэстэн дамнасан корпорациуд 200-600 сая ам.долларын татварыг зувчуулалт гардаг гэж судалжээ.

Татвар зувчуулах гэдэг нь тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хууль эрх зүйн цоорхойг ашиглаад өөрийнхөө төлөх ёстой байсан татварыг хязгаарлах, багасгах зорилгоор хийж байгаа үйлдлийг хэлдэг аж. “Рио Тинто” корпораци хоёр улсад татвар зувчуулалт хийгээд байгааг судлаачид олж тогтоожээ. Түүний нэг нь Монгол, нөгөө нь Нидерланд улс юм байна.

Нидерландын Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн судлаач Винсент Кийзебринкийн мэдээлснээр Рио Тинто компани Монгол Улсын хувьд төлөх ёстой татварыг Монгол улсын Засгийн газартай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг ашиглаж бууруулсан үйлдэл гаргасан гэж үзжээ.

Эдүгээ “Оюу толгой” төслийг тойрон хэдэн жил үргэлжилж буй Хөрөнгө оруулалтын гэрээг дагасан олон маргаан бий. Тус гэрээг байгуулахын тулд Монгол Улсад мөрдөгдөж байсан 5 хуулийг өөрчилж, “Оюу толгой” компанид таатай орчин бүрдүүлсэн гэж уул уурхай, байгаль орчны судлаачид дүгнэдэг. Олон улсын судалгааны байгууллагаас “Оюу толгой” төсөлд анх гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл 230 сая ам.долларын татварыг зувчуулсан гэж дүгнэжээ.

Монгол мөнгөөр бол 575 тэрбум төгрөгийн татварыг “Оюу толгой” компанид алджээ гэж тооцогдохоор байна.

Ингэж алдаатай байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээг Оюу толгой ордын нөхцөлд дахиж засч янзлах боломжгүй гэдгийг судлаачид онцолж байна. Учир нь тус гэрээнд Монгол Улсын зүгээс гэрээг өөрчлөх, засч янзлах үйлдэл гаргасан тохиолдолд олон улсын Арбитрийн шүүхээр шийдвэрлэнэ гэсэн хатуу заалт оруулсан байдгийг тэрээр хэллээ.

Нидерландын Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төв буюу SOMO нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ашгийн бус байгууллага юм байна. Тус байгууллагаас хийсэн томоохон судалгааны талаар Нидерланд болон Канадын парламентын түвшинд авч үзэж яриа хэлцлүүд өрнүүлдэг аж. Улс орнуудын төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс маш их дэмжлэг хүлээсэн байгууллага гэнэ.

Тус байгууллагаас өмнө нь Говь-Алтай аймаг дахь Алтайн хүдэр компанийн татварын зувчуулалтыг судалж байжээ.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE