Жастин Бибер Том Крузыг, Конор Макгрегор Марк Уолбергийг тулаанд дуудав

Өрнөдийг өнгөрөгч ням гаригт канад дуучин залуу Жастин Бибер бужигнуулж дөнгөлөө. Тэрбээр холимог тулааны төрлөөр Том Крузтай октагонд тулалдахаар дуудсан юм.

Жастин Бибер твиттерээр “Би Том Крузыг октагонд дуудаж байна. Хэрвээ чи энэ дуудлагыг минь хүлээн авахгүй бол айж хулчийж буй хэрэг. Тэгээд насан туршдаа хулчгар зантайгаа эвлэрч амьдарна биз. Хэн энэ тулааныг зохион байгуулж чадах вэ?” гэж бичсэн юм. Бичихдээ UFC-гийн ерөнхийлөгч Дэйн Уайтад анхааруулга өгөхөө ч умартсангүй.

Жастин Биберт энэ тулаан яг ямар хэрэгтэйг одоогоор хэн ч ойлгоогүй байгаа бололтой. Биберийн замналыг харья. 25 настай, поп урсгалын одоо цагийн хамгийн шилдэг дуучдын нэг гэгддэг, цомог нь хамгийн өндөр борлуулалттай. Харин холимог тулаанчийн түүх шаштиргүй. О тулаан, 0 ялалт мөн 0 ялагдал. Флойд Мейветертэй рингэнд хамт гарч бэлтгэл хийж буй бичлэг төдийг олонд харуулснаас цаашгүй.

Тэгвэл Том Круз одоо 56 настай. Биберийн насыг хоёр нугалаад дээр нь бас хэдэн жил нэмэх шаардлагатай гэсэн үг. Гэхдээ Круз бол үргэлж бэлтгэлтэй байдаг нэгэн. Холимог тулааны замналын хувьд Жастинтай адил бүгд 0 үзүүлэлттэй.

1990-ээд онд тулаант кинонд тоглохдоо тулааны эрдэмд түр зуур шимтсэн гэгддэг. Киноныхоо хамгийн аюултай хэсгүүдэд ч орлон тоглогчгүйгээр өөрөө тоглодог солиотой гэмээр цөс зоригтойгоороо зартай эр.

Биберийн жиргээнд хамгийн эхэлж хариулт өгч, тулааныг зохион явуулах боломжтойгоо илэрхийлсэн хүн бол боксын дэлхийн аварга асан, алдарт Оскар Де Ла Хойя байлаа. Гэвч түүний үгсийг Бибер дэмжилгүй орхив.

Үүний дараагаар Конор Макгрегор дуугарлаа. “Хэрвээ Круз үнэхээр эрийн хуйх байгаад энэ дуудлагыг хүлээн авбал McGregor Sports and Entertainment зохион байгуулаад өгье. Круз үнэхээр кинон дээрх шигээ эрэлхэг юм бол шүү дээ! Холбоотой байцгаая, юу болохыг харья” гэж Конор өгүүлжээ.

Конор яриагаа үүгээр өндөрлүүлсэнгүй. Зөрүүлээд Марк Уолбергийг тулаанд дуудлаа. Гайхалтай бие галбиртай жүжигчин Уолберг дэлгэцэнд хүчирхэг эрийн дүрийг цөөнгүй бүтээсэн гэдгийг хэн эс андахав.

“Тэгвэл би Маркийг мөн адил тулаанд дуудчихья. Маркийг жинхэнэ Марки Марк байхад нь ч би түүнийг дэлбэ өшиглөөд UFC-гийн бүх хувьцааг хамчихаж чадах байсан” гэж Макгрегор мэдэгджээ.

Уолбергийг тулаанд дуудах болсон нь бяцхан хонзонтой холбоотой. Гурван жилийн өмнө ам хэл нь гүйцэгддэггүй Конор ингэж хэлсэн юм. “UFC олон хувьцаа эзэмшигч эзэнтэй юм. Тэгсэн хэрнээ тэдгээр эзэд нь октагонд хэзээ ч гарч байгаагүй, миний ачаар л мөнгө олж амьдардаг. Би октагонд орж, цусаа гоожуулж байхад тэд хэвэтчээ түнтийлгэж суудаг. Ийм байж таарахгүй ээ. Би хувьцаа эзэмших ёстой” гэж.

Үүний дараагаар UFC-гийн хувьцааны тодорхой хувийг эзэмшигч Марк Уолберг “Макгрегор UFC-гийн хувьцаа эзэмшигч болоод давхар тулаанаа хийгээд явж болно. Үүнд ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь хувьцааг худалдаж авдаг юм. Бусад хувьцаа эзэмшигч нар шиг худалдаад ав. Хэрвээ авья гэвэл би хувьцаанаасаа хуваалцахад ч бэлэн байна. Түүнийг UFC-гийн нүүр царай гэдэгтэй маргахгүй. Гэхдээ энэ чинь давхар бизнес. Тэгэхээр зүгээр мөнгөө л бэлд” гэсэн юм.

Үүнээс хойш Макгрегор байсхийгээд Уолбергийг үгээр түнших болсон. “За яах уу? Жүжигчинмаа минь тулаанд бэлэн үү? Би бэлэн. Бүх хувьцаагаар чинь нэг тулчих уу?” гэх мэтээр…

News1.mn Р.Гэгээ

SHARE