Дюрантын үг ба түүний гэмтлийн тухай үгс

NBA-гийн плей-оффын финалын цувралын тав дахь тоглолтод Кевин Дюрант талбайд гарч, эхний үед 11 оноо авсан ч хоёрдугаар үед баруун хөлийн шагайны гэмтлийн улмаас талбайг орхисон. Гэлээ ч багийнхан нь 106:105-аар “Торонто”-г хожиж, цувралын харьцааг 2:3 болгож ойртуулахад Дюрант ихэд баярласнаа өгүүлжээ.

“Зургаа дахь тоглолтод “Уорриорз”-ын хөгжөөн дэмжигчид ордонг нураах шахна. Сэтгэлийн гүнд минь зовиур мэдрэгдэвч манай залуус өнөөдөр хэрхэн ялалт байгуулж буйг хараад би текила залгилах шиг, дахин төрөх шиг боллоо” хэмээн Дюрант өгүүлжээ.

Дюрантын ахиллын шөрмөс тасарсан байж магадгүй гэсэн таамаглал байгаа гэнэ. Хэрвээ энэ үнэн бол яаралтай хагалгаанд орж, дараа нь олон сарын турш эмчилгээ хийлгэж гам барих шаардлагатай болно.

Тоглолтын дараагаар “Голден Стэйт”-ийн ахлах дасгалжуулагч Стив Керр “Юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Нэг талдаа манай залуус гайхалтай тэмцэх чадвар гаргаж ялалт байгуулсанд нь бахархана. Нөгөө талдаа Дюрант гэмтсэнд их харамслаа. Холимог гэмээр сэтгэгдэл төрж байна. Гайхалтай хожил, аймшигтай гарз учирлаа” гэжээ.

“Голден Стэйт”-ийн ерөнхийлөгч Боб Майерс ч Дюрантын гэмтлийн талаар бодлоо хэлэхдээ нулимсаа барьж ядав. “Бид өнөөдөр Дюрантад тоглох зөвшөөрөл өгсөн юм. Хамтдаа ярилцаж байгаад л шийдсэн. Болсон явдалд хэн нэгнийг буруутгах ёстой гэж би бодохгүй байна.

Гэхдээ энэ хорвоо тэр чигээрээ хэн нэгнийг заавал буруутгаж, золионд гаргах гэж улайрдгийг мэднэ. Ерөнхийдөө би багийн асуудлыг бүхэлд нь хариуцдаг болохоор буруутан хэрэгтэй байвал намайг буруутга.

Дюрант сагсанбөмбөгтөө дуртай залуу. Энэ багтаа эргэж тоглохыг хүсэхгүй байгаа гэх мэт яриа гаргаж, эргэлзсэн хүмүүс өнөөдөр харсан байлгүй дээ. Дюрант багийн сайн тоглогч бас сайн хүн. Түүнд ингэж хандах нь шударга бус” гэж Майерс өгүүлсэн байна.

Стефен Карри багийнхаа андын тухай “Хоёрдугаар хагаст бид тийм сайн тоглоогүй ч ялалтад хүрч чадлаа. Одоо бүгдээрээ л Дюрантын төлөө залбирч байна. Тэр чадах бүхнээ хийлээ. Багийнхаа төлөө өөрийгөө золиослолоо. Түргэн эдгэнэ гэж найдья” гэжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE