Фернандо Риксен нойрсуулах тариа хийлгэхгүй, олны өмнө дахин гарахгүй

 

Голландын шигшээ болон Шотландын “Глазго Рейнжерс”, Оросын “Зенит” зэрэг багт тоглож явсан 42 настай Фернандо Риксен маш ховор тохиолддог хажуугийн хатингарт хатуурал өвчтэй нь хэдэн жилийн өмнө илэрч, өвчинд шаналж, үхэлтэй тэмцэх болсон юм. Дэлхий дахины сайн мэдэх эрдэмтэн Стивен Хокинг ийм өвчинд мөн нэрвэгдсэн байдаг. Ийм өвчинтэй хүн дунджаар 3-5 жил насалдаг бол Фернандо Риксен аймшигтай өвчинтэй чадлаараа тэмцэж, дээрх дундаж хугацааг давсан юм. Гэхдээ л өдөр бүр түүний хувьд тэмцлийн өвдөж шаналсан хоногууд байдаг гэдэг.

Хэдэн хоногийн өмнө тэрбээр олон нийтэд хандан захидал бичжээ. “Сайн байцгаана уу! Энэ сарын 28 миний хувьд онцгой өдөр байх болно. Цаашид өвчин зовиуртай тэмцэх улам хэцүү болж байна. Тиймээс энэ миний хувьд сүүлчийн орой байх болно. Та бүхэн ирж, энэ оройг мартагдашгүй сайхан болгоорой. Мөдхөн уулзана гэж найдья, Фернандо” гэж захидалдаа бичсэн юм.

Энэ захидал нийтлэгдсний дараагаар түүнийг нойрсуулах тариа хийлгэж хорвоогоос явахаар шийджээ гэж олон нийт ойлгосон. Их Британид хүнд өвчтний өөрийнх нь хүсэлтээр нойрсуулах тариа хийхийг зөвшөөрдөг юм.

Олон нийт ингэж ойлгоод байтал Фернандо Риксен захидалдаа залруулга хийж, “28-ны орой би хамгийн сүүлчийн удаа олны өмнө гарна л гэдгээ хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, миний амьдралын сүүлчийн өдөр биш. Би цаашид ч тэмцэх болно. Харин тэмцлээ цаашид камер, олны нүднээс хол үргэлжлүүлнэ” гэж өгүүлжээ.

Ингээд тэрбээр Шотландын Глазго хотын Urban hotel дахь үдэшлэгт урьжээ. Үдэшлэгийн тасалбарын үнэ 70 евро.

Фернандо Риксенийг дэмжиж хөлбөмбөгчид хандивын тоглолт хэд хэдэн удаа хийсэн. Мөн түүнийг аймшигтай өвчинтэй эрэлхгээр тэмцэж буйг бахдан цээж баримал бүтээсэн байдаг.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE