Бөх залуу жирэмсэн эмэгтэйг өмөөрөөд амиа алджээ

ОХУ-ын нийслэл Москвагийн Южное Бутово дүүрэгт орших цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн гүүрэн дээр болсон зодооны улмаас сонгомол бөхийн спортын мастер Сергей Зуев гэх залуу амиа алджээ.

Тэрээр эхнэрийнхээ хамт салхинд гарч явахдаа нэгэн эмэгтэйг дөрвөн халамцуу залуугаас өмгөөлж хамгаалах гэж очоод амиа алджээ.  Гэмт этгээдүүд түүнийг бүлэглэн зодож, гүүрэн дээрээс авч шидсэн аж. Олон тооны гэмтэл шарх авсан тамирчин залууг эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ.

Хэрэг явдлыг Зуевын эхнэрээс гадна ойролцоо явсан нэгэн эмгэн гэрчилжээ. “Гүүрэн дээгүүр нэг охин явж байтал хэсэг залуус өдөөд байх шиг харагдсан. Юбкаг нь тайлах гээд байх шиг байсан. Тэгтэл тэрүүхэнд зугаалж явсан тэр хүү нөгөө хэд рүү очоод “Та нар яагаад байгаа юм бэ!” гэсэн. Гэтэл нөгөө хэд нь дайраад зодоод эхэлсэн…” гэж эмгэн мэдүүлэгтээ дурьджээ.

Харин Зуевийн танилын мэдүүлснээр бол цэцэрлэгт хүрээлэнд эхнэртэйгээ хамт явахад нь өсвөр насны хоёр хүү гүйн ирж гүүрэн дээр нэгэн эмэгтэйг халамцуу эрчүүд доромжилж буй талаар дуулгаж, тусламж гуйжээ. Ингээд Зуев тэр даруй яаран очсон юм байна.

Гэрчүүдийн мэдүүлгээр бол хөл хүндтэй эмэгтэй байсан гэнэ. Зургаадугаар сарын 8-нд болсон тус хэргийг үйлдсэн дөрвөн этгээдийг цагдаа нар нэг хоногийн дараа баривчилжээ.

Сонгомол бөхийн спортын мастер Сергей Зуев 34 настай байжээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE