ҮАБЗ-өөс шүүгч, прокурорыг огцруулах эрхтэй хуулийн өөрчлөлт олон улсын анхааралд өртжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсон шүүгч нарт зарлиг гардуулав. Шинээр томилогдсон шүүгч нарын зарим нь бүрэн эрхийн хугацаа дууссан шүүгчдийн оронд томилогдсон хүмүүс байсан бол олонх нь өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн “бүтээгдэхүүнүүд” байв.

Үүнээс өмнө прокурорын байгууллагад томоохон томилгоонууд хийгдэж дууссан юм. АТГ-т ч тэр. Мөн л дээр өгүүлснээр өнгөрсөн гуравдугаар сарны 27-нд УИХ-аар батлагдсан Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудыг хугацаанаас нь өмнө огцруулах эрхтэй болсон юм.

Үүнийг дотооддоо хуулийн салбарынхан ихээхэн шүүмжилсэн. Шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцлоо гэх зэргээр шүүмжилж байв.

Тэгвэл хуулийн эдгээр өөрчлөлтийн асуудал олон улсын анхааралд өртжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт хандан 10 гаруй хуудас захидал илгээсэн байдаг аж.

Уг захидалд УИХ-ын чуулганаар батлагдсан Шүүх эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ШЕЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч тушаал гаргаж шүүгчийг ажлаас нь чөлөөлөхөөр болсныг онцолж энэ нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үзжээ. Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгчид шүүгч, Ерөнхий прокурор, ШЕЗ-ын дарга болон гишүүд, Шүүхийн ёс зүйн хорооны тэргүүнийг өөрийн үзэмжээр томилох эрх олгосныг буруушаасан байна. Ингэснээр шүүхийн хараат бус байдал болон эрх мэдлийн хуваарилалттай холбоотой олон улсын хэмжээг зөрчлөө гэсэн утга бүхий зүйлсийг захидалдаа дурджээ.

НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий дүрэм гэж бий. Тус дүрмийн 32 дугаар зүйлд  гүйцэтгэх засаглал нь шүүгчдийг халахад хөндлөнгөөс оролцдог, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад тодорхой бус шалтгаанаар ажлаас нь чөлөөлдөг. Чөлөөлсөн талаар тодорхой тайлбар хийгээгүй зэрэг нь дээрх дүрмийн заалтыг ноцтой зөрчсөн гэжээ. Түүнчлэн прокурорын ажилтны эрхийг ноцтой зөрчсөн тухай ч тэмдэглэсэн аж.

Эдгээр олон асуудлыг дурдаж Засгийн газар болон УИХ-д хандэж өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд баталсан хуулийн төслүүдийг цуцлахыг зөвөлжээ.

SHARE