Монгол дипломатууд 70 кг героин зөөсөн хэргийн эргэн тойронд

Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор монгол дипломатууд 70 кг героины төрлийн мансууруулах бодиыг нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

ТЕГ: Дипломат албан паспорт ашиглан гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авч эхэлсэн

Уг хэрэгтэй холбоотой холбогдох байгууллагууд мэдээлэл хийсээр байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаригт Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийв.  ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үед 70 кг героин тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон. Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна. 2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авч эхэлсэн. Үүний дагуу ГХЯ болон ТЕГ хамтарч хэд хэдэн чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан. Тухайн үед энэ хэрэг гарсан. Дипломатууд тухайн орондоо хүсэлт тавиад хувийн автомашиндаа дипломат дугаар авч болдог. Ийм машиныг хэргийг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй” гэв.

Тэгвэл үүнээс хоёр хоногийн өмнө Гадаад харилцааны яамнаас мөн мэдэгдэл хийсэн юм. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Дээрх хэрэгт Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын дипломат нэг ажилтныг жолоочийн хамт шалгаж байна. Энэ талаар мэдээлэл гарсан даруйд бид Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан. Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. ГХЯ консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл аван ажиллаж байна” гэв. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултанд ийн хариулжээ.

ГХЯ: Хувь хүний нууцыг хамгаалах зэрэг үндэслэлээр гадаадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн талаар олон нийтэд мэдээлдэггүй

-Хэрэг явдал гараад сар болж байхад энэ талаар яагаад мэдээлээгүй юм бэ? Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Нэгд, хэргийг шалгаж дуусаагүй, өөр хүмүүс холбоотой эсэхийг тодруулах, нарийвчлан гаргах зүйл байгаа. Мөн мэдээлэл солилцоход цаг хугацаа ордог. Эцэслэгдээгүй учир хүний нэрийг мэдэгдэх боломжгүй. Мөн ар гэрийнхний хүсэлтээр хувь хүний нууцыг хамгаалах зэрэг үндэслэлээр ГХЯ гадаадад гэмт

хэрэгт холбогдсон иргэдийн талаар олон нийтэд мэдээлдэггүй.

-Хэрэгт холбогдсон ажилтнууд одоо хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдсан байгаа. Тухайн улсын хуулийн дагуу шийтгэлээ аваад явна. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна. Хар тамхитай холбоотой буюу тээвэрлэж явсан хэрэгт Германы хуулиар 2-15 жилийн хорих ял оноодог.

-Героин тээвэрлэж явсан машин нь Консулын газрынх байсан уу, хувь хүний машин байсан уу?

-Ерөнхий консулын газрын машин байсан.

-Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө гарч байсан. Ямар арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэж байна вэ? Дипломат ажилтнуудад ямар шалгуур тавьж, сонгодог вэ?

-Ийм тохиолдол, хэрэг өмнө нь гарч байсан. Яг хар тамхи мансууруулах бодистой холбоотой ноцтой хэрэг бол гарч байгаагүй. Гарсан хэргийг тухай бүр манай яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн. Хар тамхины хууль бус наймаа эрхэлж байна гэх мэдээллийн дагуу ГХЯ тагнуулын байгууллагад хандаад, хар тамхийг хууль бусаар зөөвөрлөх гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг.

Европын зарим оронд манай иргэд тамхины хууль бус наймаа хийж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу энэ оны нэгдүгээр сард манай яам ТЕГ-т хандан энэ төрлийн хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Хилийн чанадад ажиллах хүмүүсийг дипломат ажилтны хуулиар төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилдог гэв.

Дипломатууд хар тамхины хэрэг анхны биш

Хар тамхитай холбоотой гэмт хэрэг манай улсад шинэ тутам хэрэг биш юм. Гадаадад, тэр дундаа БНХАУ болон Зүүн хойд Азийн улс орнуудад Монгол Улсын иргэд хар тамхи зөөвөрлөж тээвэрлэсэн хэргээр олон хүн хүнд ял эдэлж байсан түүхтэй. Одоо ч ял эдэлж байгаа хүмүүс бий. Гэхдээ тэдгээр иргэдийн холбогдсон гэмт хэрэг болох хар тамхи нь грамм-аар хэмжигддэг.

Харин энэ удаа Монгол Улсын иргэд 70 кг героиныг нэг дор тээвэрлэж явсан дуулиантай хэрэг мандлаа. Хэрэгт холбогдсон иргэд нь дипломат ажилтнууд байсан нь бүр гайхаш төрүүлнэ.

Тэгвэл ийм төрлийн хар тамхины наймаа манай дипломат албадаар дамжигддаг болох нь нэгэнт тодорхой юм байна. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын үйлдэл илэрсэн нь энэ болохоос илрээгүй, олон жилээр зөөвөрлөж гаршсан нь олон байдаг тухай олон нийтийн сүлжээнд ярьж байна. Бас Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр 4 улс дамнан худалдаалдаг гэмт бүлэглэлийн гишүүн байсан тухай мэдээллийг ч томоохон хэвлэлүүд бичиж байна.

Түүнээс гадна ТЕГ-ын өнгөрсөн баасан гаригийн мэдэгдлээс дараах зүйл анхаарал татна. Тодруулбал, тус газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ ярихдаа “Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, хэн хар тамхи нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа. Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой. Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Монгол Улс дотооддоо хар тамхины хэрэглэгч орон болж, өсвөр залуу үеийнхэнд ноцтой аюул учирч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байна хэмээн Засгийн газрын түвшинд үзэж буй. Үүнээс үүдэж хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл дипломат албад нь гадаадад улс дамнан бүхэл бүтэн 70 кг хар тамхи тээвэрлэж байгаад /ил гарсан нь энэ хэрэг, үүний цаана үүнээс ч их хэмжээний хар тамхины найма байгаа гэх/ баригдсан явдалд Гадаад харилцааны яам, Засгийн газраас эхлээд Төрийн тэргүүн хүртэл ажрахгүй байгаа нь сонирхол татна.

Түүнээс гадна тус хэрэгт холбогдсон этгээдүүд Монголын хууль хүчний томоохон зүтгэлтнүүдийн хүүхдүүд байсан гэлцэж байна. Б.Баттүшиг бол тагнуулын байгууллагын ажилтан болохыг албаныхан өөрсдөө мэдэгдлээ. Тэрээр ЦЕГ-ын дарга асан “сахал” гэгддэг Б.Билэгтийн хүү гэлцэх хүмүүс байна. Харин С.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн харъяат, Монгол Улсын гавьяат хуульч Р.Оюунбадамын хүү гэж байна.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

 

 

 

SHARE