Туулын бургасыг хядсан түүхийг “Баяр өргөө” ХХК давтах вий, С.Амарсайхан дарга аа!

Хэдхэн хоногийн өмнө дөө, Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны урд тал, бидний хэлж заншснаар тэмээтэй хөшөөний баруун хойд талд замынхаа дагуу хэсэгхэн талбай бут сөөгтэй, тэрүүхэндээ л ногоон байгууламж болдог байв. Гэтэл “Номин” холдинг компани барилгын төсөл хэрэгжүүлж байгаа нэрээр ногоон байгууламжтай тус талбайн хөрсийг хуулснаас олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан. Иргэд хэд хоног майхан барьж эсэргүүцэл үзүүлсэн ч “Номин” холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энх-Амгалан “Журмын дагуу иргэдээс санал авчихсан. Ний нуугүй хэлэхэд бид тухайн байрны нарыг нь хааж байгаа учраас 16 дугаар байрны иргэдэд санал тавьсан. Саналд байрыг байраар нэмээд 5 мкв мөн тодорхой тооны мөнгөн болон бараа материалын бартер санал болгосон. Энэ байрны одоогийн байгаа ханш нь 100 сая төгрөг. Хоёр жилийн дараа манай төсөл хэрэгжсэний дараа уг байр нь цоо шинэ бас үнэ цэнэ нь өснө. Тиймээс иргэд зөвшөөрөөд гэрээ байгуулаад явж байна” гэж мэдэгдээд л эсэргүүцэл, тэмцэл сураг алдарсан. Туул голын эрэг дагуух бургасыг хядаж барилга барьж эхэлсэн “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хэрэг ч бас бий. Ер нь Хан-Уул дүүрэгт байсхийгээд л гол ус, м мод гээд байгаль орчны асуудал үүсдэг.

Тэгвэл энэ дүүрэгт бас нэгэн ногоон байгууламжийн асуудал дэгдэж магадүй нь. Хотын дарга Э.Бат-Үүлийн үеэс Хан-Уулын “Нэхмэлийн шар”-уудыг дахин төлөвлөлтөд оруулах төслийн сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн байдаг. Сонгон шалгаруулалтаар хэд, хэдэн компани ажил авсны нэг нь Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг буулгаж шинэ барилга барих үүрэг бүхий “Рендер бау” компани байв. 2015 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр дээрх компанийн удирдлагууд Хотын даргаас батламжаа гардсан билээ. Төслийн ажил эхэлж, зарим компанийн үйл ажиллагаа идэвхтэй эхэлсэн бол заримынх нь ажил удааширч, ялангуяа “Рендер бау” компанийн эсрэг иргэд зарга мэдүүлсэн юм. Иргэд ч заргаа авч, Харин “Рендер бау” компанийн хувьд төслийг орхиж, оронд нь “Эм эм жи капитал” компани орж ирсэн байна.

Тус компани эдүгээ “Нэхмэлийн шар”-ын 3, 4, 8, 9 дүгээр байрыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Хан-Уул дүүргийн 19 дүгээр буудлын ард зам дагуу 3, 4 дүгээр байр зэрэгцэж, түүний ардхан 8, 9 дүгээр байр хуучин байв. Одоо бол 8, 9 дүгээр байрны суурин дээр олон давхар орон сууц хэдийнэ босчээ. Харин тус байруудын баруун урд, төв зам дагуу байрлах хуучны 3, 4 дүгээр байрыг буулгаж эхлээд байна.

Гүйцэтгэгч компани нь “Баяр өргөө” юм байна. Харамсалтай нь тус компанийн хуучны хоёр байрыг нураах явцад ногоон байгууламж устах эрсдэлтэй байна. Хуучны хоёр байрыг тойрч ургасан 30 орчим тооны хөгшин, залуу модыг хамтад нь өндөр төмөр хашаагаар хашаалжээ. Барилга нураах ажил тал дундаа орж байгаа харагдана. Харин барилгаас гарсан хог хаягдал, тоосго, бетон, мод гээд хүнд зүйлсээ тойрсон модод руу чулуудаж орхижээ. Зарим залуу модыг барилгын хогоор даруулчихсан нь ч байна. Хөгшин моддын хугарсан мөчрүүд газраар нэг хөглөрөөстэй. Саяхан хугалсан бололтой, навч нь ногооноороо.

Барилга буулгах ажил талдаа орж байхад тойрсон хэдэн мод рууга хайр гамгүй хог хаягдлаа чулуудаж, хогонд дарагдсан залуу моддыг харахад маргааш, нөгөөдөр, барилга дуусах цагт тэдгээр моддын хувь заяа яаж ч эргэж мэдэхээр байна. Моддыг бүхлээр нь хашиж өндөр төмөр хашаа босгосон нь Туул голын бургасыг хядсан ажиллагаа тэнд ч давтагдах вий гэсэн болгоомжлол харсан хэн бүхэнд төрөхөөр байна.

Ногоон байгууламж, мод гэдэг бидний амьдралын эх үүсвэр. Гадны орнуудад явган хүний зам дээр, хашаа, байшингийн дэргэд ургасан ганц модоо ч хамгаалж, хүний хэрэглээг хоёрдугаарт тавьсан жишээг олонтаа харж байв. Харин манайд эсрэгээрээ. Ид ургаж цэцэглэж буй моддыг өндөр төмрөөр хашаалж аваад захаас нь барилгын хог хаягдлаар даруулж, үндэс мөчрөөр нь хугалж байгаа нь харамсалтай.

“Нэхмэлийн шар”-ын тус 3, 4 дүгээр барилгыг буулгаар шинэ барилга барих эрх авсан компани дээр өгүүлснээр “Эм эм жи капитал” гэх компани. Тус компанийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “Баяр өргөө” гэх компани нэг иймэрхүү л муу дүр зурагтай ажиллаж байна.

Туулын бургасыг хядсан түүхийг “Баяр өргөө” компани давтах вий, С.Амарсайхан дарга аа!

Дашрамд дурдахад, Нэхмийн шарын 3, 4, 8, 9 дүгээр байрыг дахин шинэчлэх төслийг авсан “Эм эм жи капитал” компани тийм ч сайн түүхтэй компани биш аж. ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг мандахад дунд нь цохиж явсан компаниудын нэг. Тодруулбал, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамаарал бүхий компаниудаараа 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тэрээр хоёр компаниар зээл авсны нэг нь “Эм Эм Жи капитал” компани байв. Нэг ёсондоо “Эм Эм Жи капитал” УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы мэдлийнх.

Д.Баярсайхан 2017 он хүртэл ХОМ-тээ тус компанийг 100 хувь эзэмшдэг талаар мэдүүлдэг байсан бөгөөд 2018 оноос эзэмшил нь өөрчлөгджээ. Улсын бүртгэлд байгаа эзэмшигчдийн мэдээллээр бол тус компанийг одоо Баярсайханы Маралбаяр гэх хүн эзэмшиж байна. Баярсайханы Маралбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 052-нд  хувьцаа эзэмшигч болжээ. Үүнээс харахад  УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан “Эм Эм Жи капитал” компаниа хүүдээ шилжүүлсэн байж болзошгүй юм. Харин өөр бусад мэдээлэл дээр бол Д.Баярсайхан эзэмшдэг гэдгээр гарч ирсээр байгаа юм. Тиймээс ямартаа ч Нэхмэлийн шаруудын 3, 4, 8, 9 дүгээр байрыг шинэчлэн барих төслийг авч чадсан “Эм Эм Жи капитал” компани УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы мэдлийнх хэвээр байна.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE