Дональд Трамп Нацу башёгийн түрүү бөхөд цом гардууллаа /бичлэг/

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжлийн сумогийн Нацу башёгийн сүүлчийн өдрийн барилдааны сүүлийн таван барилдааныг Токиогийн “Рёгокү Кокугикан” ордонд морилж, үзэж сонирхлоо.

Мөн энэ башёд түрүүлсэн  Такасаго дэвжээний 25 настай залуу сумоч Асаноямад  тусгайлан бүтээлгэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг анх удаагаа гардууллаа.

Асанояма маэгаширагийн 8 дээрээс босч барилдан, 12 даваа гурван унаатайгаар түрүүллээ.  Ийнхүү Японы шинэ Эзэн Хааны Нарихитогийн хаан ширээнд заларсны шинэ эрин Рэйвагийн эхний башёд япон бөх түрүүлж байна.

Ёкозүна Хакухо М.Даваажаргал баруун гарын гэмтлийн улмаас барилдаагүй бол ёкозүна Какурюү М.Ананд 11 даваа дөрвөн унаатайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE