Хоккейн ДАШТ-ий финалд Канад-Финлянд шалгарлаа

Словакийн Братислав болон Кошице хотноо болж буй хоккейн ДАШТ-ий финалын хоёр баг шалгарлаа.

Хоккейн эх орон Канадын хоккейчид Чехийг 5:1-ээр илт илүүрхэн хожлоо. Канадын Марк Стоун тус тоглолтод нэг гоол оруулснаар тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг найман гоолтойгоор ганцаараа тэргүүлж эхэллээ.

Чехийг хожсны дараагаар Канадын Энтони Манта ийн өгүүлжээ.

“Тэмцээний өмнө бид ямар ч өрсөлдөгчийг хожиж чадна гэдгээ мэдэрч байсан. Гэхдээ эхлээд Финляндтай хийсэн тоглолтод бол бид бүрэн бэлэн биш байлаа. Тэгэхээр маргааш тэднээс даагаа нэхэх сайхан боломж олдох нь.

Тэмцээний явцад багийн ойлголцол, тоглолт эрс сайжирч, аль ч шугам бүр дээр бид маш сайн тоглож байна. Финалд мөн ийм тэнцвэртэй сайн тоглолтоо үзүүлэх хэрэгтэй.

Финляндууд өнөөдөр оросуудад гоолын олон боломж үүсгэх боломжийг өгөлгүй хожлоо. Тэгэхээр бид ч бэлэн байх ёстой. Гэхдээ алтан медалийн төлөөх тоглолт их өөр байдаг” хэмээн Энтони Манта өгүүлжээ.

Шөвгийн дөрвийн нөгөө хосд учраа таарсан Финлянд-ОХУ-ын тулаанаас Скандинавын орон ялагчаар тодорлоо. 50 дахь минутад Марко Анттилагийн оруулсан гоол энэ тоглолтын хувь заяаг шийдэж, 0:1-ээр өндөрлөсөн.

Финляндууд бол Оросын хамгийн эвгүй өрсөлдөгчдийн нэг гэдгээ ийнхүү дахин нотоллоо. Александр Овечкин, Евгений Малкин, Никита Кучеров зэрэг олон од Оросын шигшээдээ тоглосон ч өнөөдөр Чехтэй гуравдугаар байрын төлөө л 21:15-д тоглохоор болов.

“Финляндууд зөв төлөвлөгөө зохиож, маш нягт тоглож, манай залууст цохилт хийх боломж цөөн өглөө. Ерөнхийдөө тэд маш зөв тоглолоо” хэмээн ОХУ-ын Хоккейн Холбооны тэргүүн, домогт Владислав Третьяк өгүүлжээ.

Харин 18 настай залуу од Каапо Какко “Бид бие биенигээ нөхөж, бие биенийхээ төлөө тэмцэж тоглож чадлаа. Манай багт NHL-ийн од байхгүй ч гэсэн зангидсан гар шиг байж чадлаа. Оросын одод нэг ч гоол оруулж чадсангүй” хэмээн өгүүлжээ.

Оросын шигшээ хожигдсны дараагаар фанатууд нь бухимдан шүүмжилсэн явдлыг Александр Овечкиний эхнэр Анастасия Шубская олон нийтийн сүлжээгээр шүүн тунгаасан пост мөн олны анхаарлыг татаад амжсан юм.

“Оросын шигшээ болон NHL-ийн клубүүдийн фанатуудын нэг том ялгаа байна. Оросын шигшээг хожигдохоор дэлхийн хамгийн бохир заваан үгсээр булж, муулдаг. Гэтэл NHL-ийн баг хожигдоход фанатууд нь өмнөхөөсөө ч илүүтэй дэмжиж, дараа дараачийн ялалтын урам зориг өгдөг.

Дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүсийн шүтээн болж, шинэ үеийнхэндээ үгэр дуурайлал болж буй тамирчдаараа бахархах хэрэгтэй.

Ялагдлыг зүй ёсоор нь хүлээн зөвшөөрч, бусдын хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Бүгдэд тань сайн сайхныг хүсье, маргаашийн тоглолтод нь амжилт!” гэж Овечкиний гэргий өчжээ.

Алтан медалийн төлөөх Канад-Финляндын тоглолт Улаанбаатарын цагаар өнөө шөнө 01:15-д, харин гуравдугаар байрын төлөөх ОХУ-Чехийн тоглолт 21:15-д эхэлнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE