Д.Эрдэнэбат: Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулж ирснийг зөв гэж харж байгаа

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын тал худалдан авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа юм. Тэрээр “Тавдугаар сарын 21-ний өдөр намайг АТГ-аас дуудаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хэрэг асуудалтай холбогдуулан яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан. Яллагдагчаар татагдсан нь үнэн. Түүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авч, дараа нь яллагдагчаар татахаар болсон.

Иргэнийхээ хувьд хууль журмын дагуу тогтоолтой танилцсан. Энэ бол 21-ний үдээс хойш болсон явдал. Өчигдөр өглөө хэвлэлүүдээр ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхой мэдээллүүдийг гаргаж эхэлсэн.

Эрүүгийн хуульд аливаа мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр өгөх ёстой гэсэн байдаг. Гэтэл ийм мэдээлэл гарсанд гайхаж байна. Яагаад хуулийн хүрээнд яригдаж байгаа зүйлийг гэнэт ямар зорилгоор цацах болов. Тэр өдрийн болсон үйл явдлыг харахад Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банкны асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад харах юм бол улстөржсөн шинжийг агуулж байна. Тиймээс би АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор хоёрт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэх гэсэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлж болно” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг хяналтдаа авч, шийдвэрлэж өгнө үү гэж АТГ-ын дарга болон УЕП-т хандан хүсэлт гаргаж байгаа юм.

Эрдэнэттэй холбоотой нийгэмд олон янзын хандлага байгаа. Гэхдээ надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчлөлд байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж Монголд оруулж ирснийг зөв гэж харж байгаа. Энэ явдал улс төрийн шинжтэй болж байгаа нь ойлгомжтой болж эхэлж байна. Нөгөө талаас энэ нь АН-ыг бүхэлд нь харлуулах үйл ажиллагаа болж эхэлж байна. Сүүлийн үед АН-ын удирдлага руу зохион байгуулалттайгаар дайрч давшилж байгаа.

Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй. Гэтэл Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэл гаргаж байгаа нь буруу гэж харж байна. 49 хувийн асуудлаар түүнээс өмнө болсон бүх хулгай, луйврыг далдлах гэж байна. Д.Эрдэнэбат гэдэг хүний асуудлыг шийдэх эрх нь энэ төрд байгаа. Надад айх, өөрийгөө хамгаалах зүйл байхгүй” гэв.

Эх сурвалж: news1.mn

 

Уг тайлбартай холбогдуулан түүнээс асуулт асууж, хариулт авлаа.

-Та Аж үйлдвэрийн сайд байхдаа Эрдэнэтийн хувьчлалд та ямар оролцоотой байсан бэ? 

-Аж үйлдвэрийн сайдын хувиар Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Засгийн газрын хамтын шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байгаа.

Өнөөдрийн энэ өрнөж байгаа үйл явдлыг харахад 2020 оны сонгууль рүү чиглэсэн үйл ажиллагаа эхэлж байна гэж харж байгаа. Энэ улстөржилтийг бид улс төрөөр хариулахаас өөр гарц алга.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан нь магадгүй зөвхөн өнөөдрийн хувьд зөв байж болох юм. Ирээдүйд үүсэх үр дагаврыг тооцож үзсэн үү? 

-Эрдэнэтийн 49 хувь Монголд орж ирсэн нь яав ч буруу шийдвэр болохгүй. Эрдэнэт үйлдвэрийг буцаан авсан ч бид дараагийн үр дагаврын хамгийн мууг хувилбарыг сонгоод байна.

-Хөгжлийн банктай холбоотой шалгах ёстой албан тушаалтнууд дотор таны нэр байсан? 

-Өчигдөр Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг бүрэн сонссон. Хөгжлийн банкны захирал, Н.Батбаяр гишүүн болон надаас асууж тодруулах зүйл байгаа гэж тодотгож байсан. Эднийг гэмт хэрэгт татаж байгаа шууд хэлж болно шүү дээ.

Надаас АТГ гэрчийн мэдүүлэг авахдаа Кью Эс Си компанийн талаар асуусан. Би үнэн бодитоор нь хэлсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг 10 гаруй хоногийн дараа одоо л мэдэж байгаа мэтээр ярьж байгаа нь АТГ-т шалгаж байгаа хэргийг урьдчилаад мэдсэн гэж харагдаж байна.

Кью Эс Си-тэй холбоотойгоор Аж үйлдвэрийн сайд байхдаа төмөр замыг хувийн өмчөөс Монголын төмөр замд шилжүүлсэн тухай албан тоот хийсэн асуудлаар тодруулга авсан.

SHARE