Хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуулахаар боллоо

  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 63.2 хувийн ирцтэйгээр 15 цаг 27 минутад эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлэв. Тэрбээр “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайлан мэдээллийг өнөөдрийн хуралдаанаар сонсгох саналтай байгаагаа хэлсэн. 2018 оны 05 дугаар сараас ажлын хэсэг гэрээний хэрэгжилтийг шалгаж, 11 дүгээр сард дүгнэлтээ гарган Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тус тус хүргүүлжээ. Тус ажлын хэсгийн тайланг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байгаа талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээлсэн. 

    Ингээд хэлэлцэх асуудлаа баталснаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа, Б.Жавхлан, М.Оюунчимэг нар ажилласан байна. Ажлын хэсэг нийт 3 удаа хуралдан, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлого зэрэг хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаар нягтлан үзсэн байна. Ингэхэд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгийн 58 хувьтай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 90 хувьтай, салбаруудын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдтэй 23 хувь нь тус тус нийцсэн байна хэмээн үзжээ. УИХ-ын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд болон Байнгын хороодын санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудтай ажлын хэсгийн гишүүд нэгбүрчлэн танилцаад өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж байгааг Я.Содбаатар гишүүн дурдав. 

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх, хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих, уул уурхай хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, экологийн онцгой ач холбогдолтой, улсын тусгай хамгаалалтад авах 215 газрыг бүсчлэн тогтоох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэлээр судалгаа хийх, “Үйлдвэржилт 20:100” үндэсний хөтөлбөр, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэх зэрэг саналуудыг УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад оруулах санал ирүүлээд байгаа аж. 

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос соёлын баримтат өвийг хамгаалах музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх, ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, Бурхан халдун уулын соёлын өвийн менежментийн захиргаа байгуулах, эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах зэрэг арга хэмжээг төсөлд нэмж тусгахаар холбогдох саналын томъёоллуудыг бэлтгэн ирүүлсэн байна. 

    Үүнээс гадна Төсвийн, Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүртээ хэлэлцэн санал, дүгнэлтээ ирүүлсэн болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. 

    Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан нийт 9 саналын 7-г нь дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

    Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Засгийн газрын өр, зээлийн хүүг бууруулах болон Ирээдүй өв сан, Тогтворжуулалтын сангийн хуримтлалын нэмэгдүүлэх, ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулан 12 хувьд хүргэх боломжийн талаар тус тус тодруулж, хэлэлцсэн байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тус тус танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцээд эдийн засгийн хөгжлийн бодлогыг явуулах тогтолцоог бүрдүүлэх, Үндсэн чиглэлд тусгах асуудлыг эрэмбэлэх, Онцгой байдлын салбарт усанд шумбах робот зэрэг сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийн үнэ өртгийг судлах, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор тус тус санал гаргасныг тус Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан. Тус байнгын хорооноос төсөлтэй холбогдуулан тусгайлан санал гараагүй байна. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. 

Төслийн талаарх Байнгын хороодын анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, З.Нарантуяа нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагын удирдлагуудаас хариулт авлаа. 

    Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 


    Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуулах болон тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нийтийн сонсголыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлох, ажиглагчаар 3 хүн оролцуулахыг зөвшөөрөх, хэлэлцүүлгийн даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Ундармааг томилох талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулж, гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувь нь дэмжснээр Байнгын хорооны тогтоол батлагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

SHARE